Налайх дүүрэгт шинэ дулааны станцын бүтээн байгуулалт эхэллээ

Налайх дүүрэгт шинэ дулааны станцын бүтээн байгуулалт эхэллээ

Налайх дүүрэгт шинэ дулааны станц барих төслийн барилгын суурь тавих ёслол өнөөдөр боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцов.

d3259a6625c7468caac2d7a47d1b82f1

Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төсөл нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд эхний ээлжинд 79 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орох юм. Ингэснээр 7,900 өрх, цаашлаад 13-19 мянган айлын орон сууцыг төвлөрсөн дулаан хангамжаар хангах боломж бүрдэх аж.

Төсөл нийт гурван үе шаттай хэрэгжиж, 256 МВт-ын хүчин чадалтай дулааны эх үүсвэртэй болохоор төлөвлөгджээ. Мөн 1.4 км урт дулаан дамжуулах шинэ шугам сүлжээ байгуулж, 0.5 км шугамыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн байна.

ff157b77b6744cf9a821e07930f5a9d1

Ёслолын үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан сайд хэлсэн үгэндээ, шинэ дулааны станц нь зөвхөн инженерийн дэд бүтцийн төсөл бус Налайх дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой стратегийн бүтээн байгуулалт болохыг онцоллоо.

6f6cf5a8d2c14b8fa52b5d4a52ef67b0

Шинэ дулааны эх үүсвэр ашиглалтад орсноор орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэхээс гадна хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн дулаанд холбох нөхцөл сайжрах юм. Хүн амын өсөлт, бүтээн байгуулалтын эрчим нэмэгдэж буй Налайх дүүргийг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэр хосолсон орчин үеийн хот болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

e8bc4c87e3844a9d96fc3a7d96c67896

Энэ хүрээнд нэгдсэн стандарттай, ногоон орчин бүхий, амьдрах таатай нөхцөлтэй жишиг хотын ерөнхий төлөвлөлтийг олон улсын инженерүүдийн оролцоотой боловсруулжээ. Мөн 7,850 га талбайд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж, Улаанбаатар–Чойр–Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийн томоохон төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Налайхын үйлдвэр, технологийн паркт одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, найман үйлдвэрийн барилга ашиглалтад ороод байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.