Алтан дээр суусан гуйлгачин байхгүйн тулд
“Өнгөрсөн 30 жилд ухаад ухаад урагшилсан нь хаана байгаа юм!” гэдэг үгийг та өмнө нь бишгүй олон удаа сонссон байлгүй. Уул уурхайг эсэргүүцсэн энэхүү үгийг уг нь амныхаа зоргоор бус, их бодож байж гаргах учиртай юм.
Учир нь, манай улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Монголчууд эдэлж хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас авах ба ам.доллар, юань, рубль нь өнөө үгүйсгээд суудаг уул уурхайгаас нь ирэх ажгуу. Үүний хажууд аялал жуулчлал, мал аж ахуйн ашиг биднийг өлбөрүүлж үхэхгүй хэмжээтэй бөгөөд бүгд нийлээд “нэг уурхайн үнэд ч хүрэхгүй”.
Монголчууд өдгөө хэзээ хэзээнээс илүү боломжийн нөхцөлд амьдарч байна. Хичнээн үгүйсгэж, чамладаг ч бараг бүгд шахам өвөг эцэг, аавынхаа эдэлж хэрэглэж байгаагүйг эдэлж хэрэглэж байна. Нэг хүнд ногдох нь 6000 ам.доллартай тэнцэж байна. Энэ жишгээрээ энэ хорвоо дэлхийн 200 гаруй улсаас тэг дундуур нь л байх шиг байгаа юм. Хөгжиж буй Монгол.
Бидний шагшаад байдаг Казакстаны нэг хүнд ногдох ДНБ 20 мянган ам.доллар руу дөхөж байна. Уул уурхайн хөрөнгө оруулалт татаж чадсаны үрээр тогтвортой хөгжлийнхөө дөрөөнд баттай суугаад авчээ. Бидэнд ч ийм боломж бүрэн байна. Амьдралын бүх асуудлыг мөнгө шийдэж чадахгүй боловч бидэнд мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө тус болно. Монголчуудын боловсрол, эрүүл мэндийн түвшинг эрс өөрчлөх хүч мөнгөнд буй.
Дэлхий нийтээр яг одоо зэс, алтны үнэ галзуурч байна. Украин болон Ираны дайнтай холбоотойгоор үнэ нь тэнгэрт хадаад байна. Иймд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АМНАТ-ийн хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хэрэв оруулбал “Зэсийн 21 төсөл бэлэн байна” хэмээн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хорин нэгэн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй болбол бидний мөрөөдөл биелэнэ.
Мөн, алтны үнэ өсөж байгаа учир нөөцөд буй алтны үндсэн ордоо ашиглая гэж байна. Хоёр үндсэн ордыг хөдөлгөхөд Монголбанкны валютын нөөц 90 тонн алтаар нэмэгдэхээр байна. Олон мянган ажлын байр бий болох гээд байна.
“Алтан дээр суусан гуйлгачин” хэмээх онцгүй утгатай үг байдаг. Боломжоо ашиглахгүй амьдарч байгаа хүнийг хэлдэг. Алтан дээр суучихаад бусдаас алт гуйх биш, үүцээ задалж эдийн засгаа тэтгэх боломж бидэнд бүрэн байна. Цөөхөн хэдэн эсэргүүцэгчдийг эс тооцвол дийлэнх нь дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ер нь тэгээд, нийт хүн амын 30 хувь нь эсэргүүцэх нь эрүүл үзэгдэл шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.