🔴Эрчим хүчний үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн үе шаттайгаар чөлөөлөх шаардлагатай
УИХ дахь ХҮН намын бүлэг хаврын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн ажил, боловсруулсан хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус намын гишүүд эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг хангах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд голлон ажилласнаа онцолсон юм.
Эдийн засгийн салбарт Бизнесийн эрх чөлөөний тухай болон Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байгаа бөгөөд уг шинэчлэлийн хүрээнд 99 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, төрийн хүнд суртлыг бууруулахад чиглэж байна. Мөн хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор үнэт цаасны орлогын татварын хөнгөлөлтийн хугацааг сунгах, хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулжээ. Төрийн өмчит компаниудын тухай хуулийн төслийн хүрээнд ТӨК-ийн үйл ажиллагааны хүрээг хумих, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит хувьцааг олон нийтэд нээлттэй болгох асуудалд анхаарч ажилласан байна гэв.
Хүүхдийн хөгжил, аюулгүй байдлын чиглэлээр хичээлээс гадуурх хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, цахим тамхины худалдаа, сурталчилгаанд хяналт тавих, сургууль, цэцэрлэгийн орчмыг тусгай аюулгүй бүс болгох эрх зүйн зохицуулалтыг боловсруулж байгаагаа мэдэгдлээ.
Мөн боловсролын салбарт багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөсөн төдийгүй хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Эрчим хүчний салбарын тухайд үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэн үе шаттайгаар чөлөөлөх шаардлагатайг онцолж, сэргээгдэх эрчим хүчний анхны нээлттэй дуудлага худалдаагаар эрчим хүч нийлүүлэх өртгийг 4.85 цент хүртэл бууруулсан нь салбарын шинэчлэлийн чухал алхам болсныг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.