Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас сүүлийн хоёр жилд 25 тэрбумын хохирол учирчээ

Байгаль орчны эсрэг гэмт хэргийн улмаас сүүлийн хоёр жилд 25 тэрбумын хохирол учирчээ

Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар судалжээ. Энэ хугацаанд хүрээлэн буй орчны эсрэг 4105 гэмт хэрэг бүртгэгдэж, 2333-ыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Гэмт хэргийн 41.1 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 31.4-ийг хууль бусаар ашигт малтмал олборлох, 11.1-ийг хууль бусаар ан агнах, наймыг нь байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэг эзэлжээ.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд тодорхой улиралд үйлдэгдэж буй гэнэ. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэх хэрэг Монгол орны ойн бүс нутаг болох Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган аймгийн нутагт ихэвчлэн 3-5 дугаар сард гарсан байж. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг ашигт малтмалын нөөц, тархалтын байдлаасаа хамаарч Өвөрхангай, Дорноговь, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт 6-8 дугаар сард, хууль бусаар ан агнах гэмт хэрэг байгалийн өвөрмөц онцлог тогтоц бүхий газар нутгууд болон ховор, нэн ховор амьтны тархац тоо толгойноос хамарч Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн нутагт 12-2 дугаар сард ихэвчлэн үйлдэгдсэн аж.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн хэрэг бүс нутгийн онцлог, ховор, нэн ховор ургамлын тархцаас хамаарч Сэлэнгэ, Дорнод, Булганы нутагт 9-11 саруудад дийлэнх нь гарсныг судалгаагаар тогтоов. Сүүлийн хоёр жилд шүүхээс энэ төрлийн гэмт хэрэгт 1228 хүн, 18 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 54.3 хувьд нь торгох ял, 33.1 хувьд нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан байх юм. Энэ хугацаанд шүүхээр хянан хэлэлцсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.9 тэрбумынх нь хохирлыг нөхөн төлүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог онцлогтой.

Сонирхуулахад, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт БНХАУ, ОХУ, Казакстан, Тайвань зэрэг гадаадын 13 иргэн шалгуулж, ял шийтгүүлсэн аж. Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, соён гэгээрүүлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлээд байна. Энэ арга хэмжээний хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх, энэ төрлийн хэрэг, зөрчлийг шалгахад анхаарах асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, зөвлөмж, мэдээлэл өгөх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих, хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг эрчимжүүлэх, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.