Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төллөө
Нийслэл 2024 онд босгосон дотоод бондын эх үүсвэрээс авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд зарцуулсан 100 тэрбум төгрөгийг хугацаанд нь хөрөнгө оруулагчдад буцаан төлж, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүллээ.
Тодруулбал, нийслэлийн Үнэт цаасны хөрөнгөөр 2024 оны төсвийн жилд нийт 62 байршилд 154.5 км авто зам, замын байгууламжийн засвар болон шинэчлэлтийг хийсэн байна. Авто замын ажлын хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дарь-Эх, Хайлааст, Улаанхуарангийн зам, Дамбадаржаа–Шадивлангийн чиглэл болон Багануур, Багахангай, Налайх дүүргийн авто зам зэрэг гол болон туслах авто замуудыг шинэчилж, зорчих хэсгийн хучилтыг сайжруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц ажлуудыг хэрэгжүүлжээ.
Мөн Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байгаа гэв. Өнөөдрийн байдлаар хэрэгжиж дууссан 100 хувийн гүйцэтгэлтэй 21 төсөл, арга хэмжээ, 5-85 хувийн гүйцэтгэлтэй он дамжсан 27 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Нийт ажлын дундаж явц 74 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нийслэлийн төсөв, үнэт цаасны хөрөнгөөр 2024 онд гол болон туслах гудамж замыг нийт 877.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр санхүүжүүлж, гол болон туслах гудамж замын 37 байршилд шинээр 30.8 км зам, мөн 53 байршилд 74.9 км замын засвар шинэчлэлтийн ажил, 5 байршилд явган замын шинэчлэлтийн ажил, засвар арчлалтын ажлын хүрээнд 117,594.3 ам метр авто замын нөхөөс, 1,333.3 урт метр авто замын заадас, 193.55 урт метр борооны ус зайлуулах шугамын ажлыг тус тус хийжээ.
Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын үр дүнд:
-Нийслэлийн авто замын чанар, аюулгүй байдал, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж
-Нийслэлийн замын сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулж
-Иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.