ХНХЯ, харьяа газрын удирдах албан тушаалтнуудын хэргийг 60 хоногийн дараа шийдвэрлэнэ

ХНХЯ, харьяа газрын удирдах албан тушаалтнуудын хэргийг 60 хоногийн дараа шийдвэрлэнэ

Хуучнаар ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, өдгөө МҮХАҮТ-д эрх бүхий алба хашдаг Л.Батсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Х.Булгантуяагийн зөвлөх, “Хөтөл цемент шохой” ХК-ийн Маркетингийн албаны дарга Э.Баасандорж тэргүүтэй хүмүүст холбогдох авлигын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцлээ. Улмаар нэр бүхий хүмүүсийн үйлдэл оролцоог тодруулах, хахууль өгсөн цаг хугацааг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэн 60 хоногийн хугацаанд завсарлуулав. Ингэснээр уг хэргийг наймдугаар сарын 24-ний 08.30 цагт дахин хэлэлцэхээр товлоод байна.

Л.Батсайхан, Э.Баасандорж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Атармаа нар иргэн Б.Дашдоржийн эзэмшлийн барилгуудыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсний төлөө хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, Г.Атармаа нь дээрх хоёр барилгыг авахыг тухайн үеийн сайд Х.Булгантуяад санал болгосон аж. Улмаар улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгаж, шийдвэрлэсэн юм байна. Ингэж шийдвэрлүүлснийхээ хариуд Л.Батсайхан хахууль нэхэж, хамаарал бүхий хүнийхээ дансаар 2024 оны есдүгээр сард Б.Дашдоржоос 35 сая төгрөг авсан.

Э.Баасандорж 2024 оны дөрөвдүгээр сард нийт 110 саяыг данс болон бэлнээр дээрх хүнээс авчээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Атармаа албан өрөөндөө 2024 оны тавдугаар сард иргэн Б.Дашдоржоос 10 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдсан аж. Мөн ХНХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Л.Батсайхан нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын барилгыг засах тендерт “Өндөрбаганат” ХХК-ийг шалгаруулсны төлөө тус компанийн гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч Д.Буянжаргалаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн яллагдагчаар татагдсан юм.

Л.Батсайхан, Э.Баасандорж, Г.Атармаа нарт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан” хэмээн яллах дүгнэлт үйлджээ. Харин иргэн Б.Дашдоржид мөн хуулийн 22.5-1-ийн “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэж яллагдагчаар татсан байна. “Өндөрбаганат” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Буянжаргалыг нөхөр Б.Батбаяртайгаа бүлэглэн аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.