Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийн давхар татвар үндэсний үйлдвэрлэгчдэд хүндрэл учруулж байна

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа АМНАТ-ийг бууруулах төслийн талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийллээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн төлөх АМНАТ-ийг бууруулснаар ирээдүйд ашиглах Оюутын ордыг ашиглах "Цэвэр зэсийн үйлдвэр"-ийг ямар ч зээл авахгүйгээр өөрсдийн ашгаар барьж байгуулах боломжтой болно гэж үзэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн өнөөгийн тогтолцоо, түүний тооцоолол нь уул уурхайн салбарын хөгжил, ялангуяа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд АМНАТ-ийг олон улсын зах зээлийн жишиг үнээр тооцон авч байгаа нь бодит борлуулалтын үнээс зөрж, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хүндрэл учруулж байна. Ялангуяа хилийн цаанаас тогтоосон жишиг үнээр дотоодын уурхайн борлуулалтыг үнэлж татвар ногдуулах нь бодит байдалд нийцэхгүй. Уурхайн ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалт хийх боломжийг хязгаарлаж байна.

АМНАТ-ийг түүхий эд олборлоход нэг удаа, дараа нь түүнийг баяжуулж, боловсруулан нэмүү өртөг шингээх шатанд дахин давхардуулан ногдуулж байгаа нь дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бус, харин ч дарамт болж байгаа. Энэ давхар татварын тогтолцооноос шалтгаалан үндэсний үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд өрсөлдөх чадваргүй болж, баяжуулсан бүтээгдэхүүн бус, түүхий нүүрс экспортлох сонирхол давамгайлах эрсдэлийг дагуулж байна.

Уул уурхайн салбарыг зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч биш, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгон хөгжүүлэхийн тулд АМНАТ-ийн хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай. Татварыг бодит борлуулалтын үнээс тооцдог болох, баяжуулах үйлдвэрүүдийг дэмжсэн уян хатан тарифын бодлого хэрэгжүүлэх нь салбарын эрүүл өрсөлдөөнийг дэмжих, улс орны эдийн засагт бодит үр өгөөж авчрах хамгийн чухал алхам болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.