Өнөөдөр 11 монгол жүдоч хүч үзнэ
Жүдо бөхийн ээлжит олон улсын тэмцээн болох Чиндаогийн гран при тэмцээн өнөөдөр (6 сарын 26) хөшгөө нээнэ.

"Лос Анжелес 2028" олимпын эрхийн оноо олгох энэ удаагийн тэмцээнд 57 орны 500 жүдоч хүч үзэх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба энэ өдөр таван жинд Монгол улсын нэр дээрээс 9, АНУ болон АНЭУ-ын нэр дээрэс тус бүр 1 жүдоч буюу нийт 11 монгол жүдоч татамид гарна.
Эрэгтэйчүүдийн -60, -66кг жинд хүч үзэх бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
Энэ жинд нийт 38 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа ба В хэсэгт энэ оны Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Түмэнжаргал эхний тойрогт БНАСАУ-ын залуу бөхтэй оноолт таарсан байна.

Харин D хэсэгт өнгөрөгч долоо хоногийн нутгийн дэвжээндээ хүрэл медаль хүртсэн Б.Сүхбат зодоглох ба эхний тойрогт гоц мөргөн улмаар хоёрдугаар тойрогт Словенийн хашир туршлагатай Девид Старкелтэй оноолт таарсан байна.

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:
Энэ жинг олимпын хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Японы домогт Абе Хифүми аварга тэргүүлэн барилдах ба А хэсэгт дэлхийн хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ван Жианфентэй учраа таарсан байна.

В хэсэгт АНУ-ын нэр дээрээс хүч үзэж буй Э.Билэгт эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт 2022 оны өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Рей Келвинтэй учраа таарсан байна.

С хэсэгт залуу мастер Т.Төрболд мөн л эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Парисын олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны хашир туршлагатай Гусман Кыргызбаевтэй учраа таарсан байна.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 09:00 цагт эхлэх хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.