Ц.Туваан: Махыг үнэтэй болгосноор малчин болох иргэдийн тоо нэмэгдэнэ
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 11, экспортын 5.6, ажиллах хүчний 25.5 (4 хүн тутмын нэг нь малчин) хувийг, 247.9 мянган малчин өрх эзэлж буй нь эдийн засгийн тулгуур салбар болохыг харуулж байгаа юм. Ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Зуд тохиолдоход улсын нөөцөөс бага хэмжээний өвс хуваарилдаг. Яг газар дээрээ нэг малчинд нэг боодол өвс, нэг шуудай хивэг оногддог. Үүнийг бид углуургаар нь шийдмээр байна. Тодруулбал, махыг үнэтэй холбох хэрэгтэй. Махны үнэ маш олон асуудлыг шийднэ. Малчид цөөрч байгааг ч шийднэ. Түүнчлэн зуд, ядуурлыг шийднэ. Мал, мах үнэтэй болж нэг эр хонь 500 мянган төгрөгт хүрвэл залуус малчин болохыг сонгоно. Харин зудаас хэрхэн сэргийлэх вэ гэхээр өнгөрсөн өвөл Сэлэнгэ, Төв аймгийн зарим малчид малынхаа 70 хувийг нядалж борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулсан. Харин үлдсэн цөөн малдаа хангалттай хэмжээний өвс, тэжээл нөөцөлж бэлтгэснээр зудын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадсан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.