Алибаба групп АНУ-ын Батлан хамгаалах яамыг шүүхэд өглөө
Хятадын цахим худалдаа, технологийн аварга "Alibaba Group Holding" компани 2026 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагт АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагоныг шүүхэд өглөө.
Калифорни мужийн Сан-Хосе хотын Холбооны тойргийн шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээр тус компани өөрийг нь Хятадын цэргийн компани гэж тодорхойлж, Пентагоны "1260H" хар жагсаалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахыг шаардаж байгаа аж.
"Alibaba" групп уг шийдвэрийг "үндэслэлгүй бөгөөд компанийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн" гэж үзжээ.
"Alibaba" группийн зүгээс өөрсдийгөө цэргийн ямар нэгэн хамааралгүй, бие даасан удирдах зөвлөлтэй, цэвэр арилжааны байгууллага гэдгийг онцолсон байна.
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, "Alibaba" нь Хятадын цэргийн компани биш бөгөөд хувийн технологийн компаниудыг Ардын чөлөөлөх армитай технологи хуваалцахыг шаарддаг цэрэг-иргэний нэгдлийн стратегийн хэсэг биш хэмээн мэдэгджээ. Түүнчлэн компанийн үндсэн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнүүд нь цэрэг, батлан хамгаалах, тагнуулын зориулалттай бус, зөвхөн жижиглэн худалдаа, логистик болон үүлэн технологийн үйлчилгээнд зориулагдсан болохыг тайлбарласан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар, тус компани Хятадын Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо (SASAC) болон Үйлдвэржилт, мэдээллийн технологийн яамтай (MIIT) шууд бусаар холбоотой гэх Пентагоны таамгийг эрс няцаажээ. "Alibaba" групп энэхүү хар жагсаалтад оруулсан шийдвэрийг "дур зоргоороо бөгөөд үндэслэлгүй" алхам гэж тодорхойлсон байна.
Энэхүү шийдвэр нь компанийн нэр хүндэд нөхөж баршгүй хохирол учруулж, бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж, АНУ-ын түншүүд болон хөрөнгө оруулагчдын дунд түгшүүр үүсгээд байгааг нэхэмжлэлд тэмдэглэжээ.
Пентагоны "1260H" хар жагсаалтад орсноор шууд санхүүгийн хориг арга хэмжээ авахгүй ч АНУ-ын хөрөнгө оруулагчид болон түншүүдэд болгоомжтой хандах дохио болдог байна. Хуулийн дагуу АНУ-ын Батлан хамгаалах яам жагсаалтад орсон компаниудтай шууд гэрээ байгуулах эрхгүй болдог. Түүнчлэн 2027 оноос эхлэн АНУ-ын хуулиар Пентагон болон түүний гуравдагч талын гэрээлэгч нарыг хар жагсаалтад орсон компаниудаас тоног төхөөрөмж, эд анги, үйлчилгээ худалдан авахыг бүрмөсөн хориглох тул нийлүүлэлтийн сүлжээнд ноцтой саад бэрхшээл учруулах эрсдэлтэй юм.
АНУ-ын Батлан хамгаалах яам 2026 оны зургаадугаар сарын 8-9-нд "1260H" жагсаалтаа шинэчилж, технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, ногоон эрчим хүчний салбарын Хятадын 100 орчим компанийг багтаасан байна. Энэхүү жагсаалтад "Alibaba"-аас гадна хайлтын системийн "Baidu", цахилгаан автомашин үйлдвэрлэгч "BYD" болон "NIO", робот үйлдвэрлэгч "Unitree Robotics", сүлжээний төхөөрөмжийн "TP-Link", биотехнологийн "WuXi AppTec" зэрэг томоохон компаниуд багтжээ.
Үүний хариуд Хятадын засгийн газар 2026 оны зургаадугаар сарын 22-ны даваа гарагт АНУ-ын 10 аж ахуйн нэгжийн эсрэг худалдааны хязгаарлалт тогтоосон байна. Өмнө нь Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч "Xiaomi" зэрэг компаниуд АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгч, цэргийн хар жагсаалтаас хасуулж байсан түүхтэй бөгөөд "WuXi AppTec" компани ч мөн адил шүүхэд гомдол гаргаад байгаа ажээ.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.