Meta компани шинэ, хямд ухаалаг нүдний шилээ танилцууллаа
Технологийн салбарт тэргүүлэгч Meta компани 2026 оны зургаадугаар сарын 23-ны өдөр өөрийн брэндийн шинэ ухаалаг шил болох "Meta Glasses"-ийг албан ёсоор танилцууллаа.
Алдартай "Ray-Ban" болон "Oakley" брэндийн логог хассан энэхүү шинэ загвар нь Meta-ийн бие даасан анхны ухаалаг шил болж байгаа бөгөөд 299 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байна. Энэ нь өмнөх үеийн Ray-Ban Meta шилнээс 80 ам.доллароор хямд үнэ бөгөөд хиймэл оюун ухааны технологи бүхий төхөөрөмжийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох зорилготой аж.
Шинэ бүтээгдэхүүн нь нийт 26 өөр загварын сонголттойгоор хэрэглэгчдэд хүрч байна.
Үүнд хар, ногоон, эрээн зэрэг жаазны өнгөнүүдээс гадна нарны, харааны, туйлширсан болон гэрэлд хувирдаг линзнүүд багтжээ. Үндсэн гурван загвар байгаагийн эхнийх нь сонгодог тэгш өнцөгт хэлбэртэй "Meta Adventurer", хоёр дахь нь илүү зузаан жаазтай "Meta Fury" юм.
Харин гурав дахь нь хэвлэл мэдээллийн од Кайли Женнертэй хамтран бүтээсэн 399 ам.долларын үнэтэй "Starfire" хэмээх дээд зэрэглэлийн загвар бөгөөд жижиг үнэт чулуу шигтгээ, нүүрний будаг тогтдоггүй металл хамрын нуух, толин тусгалтай цэнэглэгч гэр болон Кайлигийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн дуу хоолойг туслахаар ашиглах сонголтыг багтаажээ.
Техникийн үзүүлэлтийн хувьд шинэ ухаалаг шил нь өмнөх загваруудын амжилттай шийдлүүдийг хадгалсан бөгөөд хиймэл оюун ухааны дотоод системийг нь ихээхэн сайжруулжээ.
Шилний линз дээр ямар нэгэн дэлгэц байхгүй тул хөнгөн бөгөөд энгийн харагдах давуу талтай. Төхөөрөмж нь 3K чанартай видео бичих чадвартай 12 мегапикселийн ганц камертай. Мөн дуу хөгжим сонсох болон дуудлага хийх зориулалттай нээлттэй чанга яригч, салхины шуугианыг дарагч зургаан микрофонтой бөгөөд жаазан дээрх тусгай товчлуураар хиймэл оюун ухааныг шууд идэвхжүүлэх боломжтой. Батарейн хувьд нэг удаагийн цэнэглэлтээр 8 цаг ажиллах ба эвхэгддэг цэнэглэгч гэр нь нэмэлтээр 40 цаг ажиллах чадлыг өгдөг.
Энэххүү ухаалаг шил нь Meta-ийн "Superintelligence Labs"-ийн хөгжүүлсэн "Muse Spark" хэмээх олон төрөлт сэтгэхүйн загвар бүхий хиймэл оюун ухааныг суулгасан анхны төхөөрөмж болж байна.
Хэрэглэгчид өөрийн харж буй зүйлсийн талаар хиймэл оюун ухаанаас тухайн цаг мөчид асууж, харилцах боломжтой бөгөөд яриаг шууд орчуулах функц нь япон, хятад, солонгос зэрэг шинээр нэмэгдсэн 14 хэлээр ажиллах чадвартай. Хувийн нууцлалыг хамгаалах үүднээс зураг авах, эсвэл бичлэг хийх үед шилний урд хэсэгт байрлах гэрлэн цагариг асч, эргэн тойронд байгаа хүмүүст анхааруулга өгдөг байна.
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар Meta компани ийнхүү хямд үнийн бодлого баримталж, өөрийн брэндээр зах зээлд гарч байгаа нь ухаалаг шилний салбар дахь давамгайллаа бэхжүүлэх стратегийн алхам юм. Одоогоор Meta нь дэлхийн ухаалаг шилний зах зээлийн 76 орчим хувийг дангаараа эзэмшиж байгаа бөгөөд энэхүү шинэ бүтээгдэхүүн нь Apple компанийн 2027 онд гаргахаар төлөвлөж буй ухаалаг шилнээс өмнө зах зээлийг бүрэн хяналтдаа авах зорилготой байна.
Эх сурвалж:
• bgr.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.