“АРА 2026” фестиваль сэргээгдэх эрчим хүч, эко технологийг нэвтрүүлнэ
Аялал жуулчлал, соёл урлаг, спорт болон залуучуудын хөгжлийг дэмжих зорилготой “АРА” фестиваль дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Монголын хамгийн урт хугацаанд буюу бүтэн нэг сарын турш үргэлжилдэг тус фестиваль нь ирэх долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд Архангай аймагт байрлах “АРА Комплекс”-т зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хөтөлбөр, зохион байгуулалтын шинэчлэлтүүдээ албан ёсоор танилцууллаа.
Энэ жилийн фестивалийн хамгийн том онцлог нь байгаль орчинд ээлтэй, ногоон технологийн бүтээн байгуулалтууд юм. Өнгөрсөн онд “АРА Комплекс”-ийн 20 га талбайн эрчим хүчийг бүрэн нарны сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн бол энэ жил байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бохир ус цэвэршүүлэх иж бүрэн системийг суурилуулжээ. Дэлхийн хамгийн дэвшилтэт 0.01 микроны шүүлтүүр бүхий энэхүү технологи нь хэрэглэсэн усыг 99 хувь цэвэршүүлж, зүлэг болон ногоон байгууламжийн усалгаанд эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Фестивалийн талбайд 10 цэгт хог ангилах хэсгүүдийг байршуулах бөгөөд иргэд өөрсдийн хэрэглэсэн хуванцар сав, лааз, шил, нэг удаагийн газын баллон зэргийг тушааж, мөнгөн урамшуулал авах боломжтой.
Энэ жил фестивалийн талбайд 18 цэгт давхардсан тоогоор 70 гаруй урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, орон нутгийн хөгжил болон аялал жуулчлалын салбарт бодит хувь нэмэр оруулахаар төлөвлөгджээ.
Гэр бүл, залуучуудад зориулсан бүтэн нэг сарын сонирхолтой хөтөлбөрүүд, урлаг соёлын тоглолтууд өдөр бүр үргэлжлэх тул дотоод, гадаадын нийт аялагчдыг долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд Архангай аймагт болох “АРА” фестивальд хүрэлцэн ирж, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээхийг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.