Лионель Месси ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо
Аргентины хөлбөмбөгийн амьд домог Лионель Месси 2026 оны зургаадугаар сарын 22-ны даваа гарагт АНУ-ын Техас мужийн Арлингтон хотын "Даллас" цэнгэлдэх хүрээлэнд болсон Австрийн шигшээ багийн эсрэг тоглолтод хоёр гоол оруулснаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Хэсгийн шатны хоёр дахь тоглолтод Аргентины шигшээ баг Австрийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авсан бөгөөд Месси багаа тэргүүлэн ялалтад хүргэсэн юм.
Тоглолтын эхлэл Мессигийн хувьд амаргүй байсан бөгөөд тэрээр 9 дэх минутад торгуулийн цохилтыг алдаж, бөмбөг хаалганы хажуугаар зөрсөн байна. Гэвч тэрээр алдаагаа хурдан засаж, тоглолтын 38 дахь минутад онооны салхийг хагалснаар ДАШТ-ий карьерынхаа 17 дахь гоолыг оруулж, түүхэн дээд амжилтыг шинэчлэв. Улмаар шүүгчийн сунгасан цагт дахин нэг гоол оруулснаар ДАШТ-ий 18 дахь гоолоо бүртгүүлж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.
Өмнө нь ДАШТ-ий эрэгтэйчүүдийн дээд амжилтыг Германы довтлогч Мирослав Клозе 16 гоолтойгоор эзэмшиж байсан билээ.
Месси тус тэмцээний эхний тоглолтод Алжирын эсрэг хет-трик хийснээр Клозегийн амжилтыг тэнцүүлээд байв. Харин Австрийн эсрэг оруулсан гоолуудаараа тэрээр Клозег даваад зогсохгүй, ДАШТ-д 17 гоол оруулсан Бразилын эмэгтэй хөлбөмбөгийн домог Мартагийн амжилтыг давж, түүхэн дэх цорын ганц тэргүүлэгч боллоо. Түүнчлэн Месси 2026 оны ДАШТ-ий эхний хоёр тоглолтод Аргентины оруулсан бүх 5 гоолыг дангаараа хийгээд байгаа бөгөөд ДАШТ-ий дараалсан зургаан тоглолтод гоол оруулсан Жюст Фонтен (Франц), Жаирзиньо (Бразил) нарын ховорхон амжилтыг давтлаа.
Энэхүү тэмцээнд оролцсоноор Месси хөлбөмбөгийн түүхэнд зургаан өөр ДАШТ-д (2006, 2010, 2014, 2018, 2022, 2026) тоглосон анхны эрэгтэй тоглогч болж байна. Өдгөө 38 настай, 39 нас хүрэхэд ердөө хоёр хоног дутуу байгаа тэрээр ДАШТ-д хет-трик хийсэн хамгийн өндөр настай эрэгтэй тоглогчийн амжилтыг мөн эзэмшиж байгаа юм.
Аргентины шигшээ баг Алжир болон Австрийн багуудыг дараалан хожсоноор 6 оноотой болж, хасагдах шатны шилдэг 32 багийн тоонд орох эрхээ хугацаанаас нь өмнө баталгаажууллаа.
Тоглолтын дараа Месси сэтгэгдлээ хуваалцахдаа "энэхүү амжилт нь маш онцгой санагдаж байгаа"-г тэмдэглээд, торгуулийн цохилт алдсандаа өөртөө уурлаж байсан ч багтаа чухал гурван оноо авчирч, дараагийн долоо хоногийг илүү тайван өнгөрүүлэх боломж бүрдүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ.
Түүний амжилтыг эвдэхийн өмнө Германы довтлогч Мирослав Клозе хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний амжилт эвдэгдэнэ гэдгийг мэдэж байсан. Би Мессигийн үнэнч хөгжөөн дэмжигч, тэр бол үнэхээр суут ухаантан" хэмээн хүндэтгэл үзүүлж байв. Мөн Аргентины дасгалжуулагч Лионель Скалони Мессигийн агуу тоглолтыг бишрэн, "Түүнийг тодорхойлох үг олдохгүй байна. Баг маань зарим үед хүндрэлтэй тулгарсан ч тэр дахин гоолдож, биднийг аварлаа" хэмээн онцолсон байна.
Лионель Мессигийн тогтоосон энэхүү түүхэн амжилт нь түүнийг дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэг болохыг дахин нотолж байна. Тэмцээний хасагдах шатны тоглолтууд ойртож буй энэ үед Аргентины шигшээ баг болон Мессигийн дараагийн тоглолтууд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байх нь гарцаагүй бөгөөд тэрээр өөрийн түүхэн амжилтыг улам ахиулах бүрэн боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.