Иргэдийн хяналт, оролцооны үр дүнд авлигатай тэмцэх, төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг сайжруулах боломжтой гэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2026.06.22/ АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо (NCUSCR)-ны хэрэгжүүлж буй “Public Intellectuals Program” (PIP)-ын IX ээлжийн эрдэмтэн, судлаач, төрийн болон аюулгүй байдлын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хууль дээдлэх ёс, авлигатай тэмцэх асуудал, иргэний оролцоо, ил тод байдал, улсуудын олон улсын харилцаанд гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн тогтвортой хөгжлийн талаар санал солилцов.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар авлига бол иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, улс орны хөгжилд ихээхэн хор уршигтайг онцолж, үүнийг таслан зогсооход иргэний хяналт, оролцоо, төрийн байгууллагын ил тод байдал чухал үүрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр тогтвортой хөгжил, энхтайвныг хангахад харилцан ойлголцол, яриа хэлэлцээ чухал, аливаа улс орон том, багаас үл хамааран олон улсын харилцаанд үнэ цэнтэй хувь нэмэр оруулдаг гэв.
Мөн хууль дээдлэх ёс, ардчилсан үнэт зүйлс бол тогтвортой хөгжил, хүний эрхийг хамгаалах үндэс болохыг, иргэдийн оролцоо, хяналтын үр дүнд төрийн байгууллагуудын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлнэ хэмээн уулзалтын үеэр тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.