Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор Далянь хотыг зорьсон байна.
Ерөнхий сайд Н.Учралыг Ляонин мужийн орлогч дарга Гү Жүнь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань нар албан ёсоор угтан авсан байна. Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцох юм.
Ерөнхий сайд тус чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох юм.
Ингэхдээ “Хүнсний тогтолцоон дахь худалдаа, зах зээлийн инновацыг дэмжих нь” стратегийн хэлэлцүүлэгт оролцож, нээлтийн үг хэлэх бол “Эрчим хүч үгүй бол хиймэл оюун үгүй” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцоно. Түүнчлэн “Чухал ашигт малтмалын эрин үе: Олборлолтоос аж үйлдвэрийн шинэчлэл рүү” сэдэвт олон талт уулзалтад оролцож, үг хэлэх ажээ. Үүнээс гадна Дэлхийн эдийн засгийн форумын Залуу манлайлагчдын нийгэмлэгийн “Meet the Leader” уулзалт-хэлэлцүүлэгт оролцохоор төлөвлөсөн байна.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзах аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.