🔴О.Цогтгэрэл: Нүүрсний сонгууль хийж, саналыг худалдан авч байна
Ардчилсан намаас өнөөдрийн хурлаар УИХ-аар хэлэлцэгдэх гэж буй Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах тухай хуулийн төсөл, 2025 оны төсвийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт, мөн өчигдөр орон даяар явагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Ардилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах тухай хуулийн төсөл нь залуу гэр бүлийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Ардчилсан нам 2004 оноос хойш энэ бодлогыг тууштай дэмжиж, 2013 оноос ипотекийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийн төсөлд эрэлтийн талыг хэт анхаарч, эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нь өмнөх алдааг давтах эрсдэлтэй байна. Нийлүүлэлтээсээ давсан эрэлтийг бий болгосноор орон сууцны үнэ тооцоолоогүй хэмжээгээр өсөж, залуу гэр бүлүүдэд улам их дарамт болж байсан туршлага бий.
Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн асуудал хэлэлцэгдэж байна. Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийн төсөлтэй холбогдуулан олон зөрчил, хязгаарлалтуудыг зааж, зөвлөмж хүргүүлдэг боловч амьдрал дээр хэрэгждэггүй дутагдал байсаар байна. Цаашид хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, хяналтыг хэрхэн ажил хэрэг болгох, төсвийн сахилга батыг яаж өндөр босгоор тогтоох вэ гэдэгт анхаарах шаардлагатай.
Өчигдөр орон даяар явагдсан ИТХ-ын нөхөн сонгуульд Ардчилсан намын хувьд аймгийн түвшний нөхөн сонгуульд амжилтгүй оролцсон ч сумын түвшинд амжилттай оролцлоо. Бид үр дүнд бодит үнэлэлт дүгнэлт өгч, өөрсдөдөө байгаа алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх ёстой.
Хөндлөнгийн судалгааны байгууллагуудын дүнгээр Ардчилсан намын рейтинг олон нийтийн дунд хамгийн өндөр байгаа хэдий ч аймгийн хурлын сонгуульд цөөнхийн санал авсан нь анхаарал татаж байна. Энэ нь 10 гаруй жил засаглаж буй эрх баригчдын сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгөний нөлөөлөл, албан тушаал, захиргааны болон төрийн албаны бүтцэд суурилсан нөлөөлөлтэй шууд холбоотой. Бид ирэх цаг хугацаанд энэхүү мөнгөний болон төрийн албаны сүлжээг задлахын тулд Сонгуулийн хууль болон бусад холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн С.Амгаланбаатар:
-Өчигдөр таван аймгийн есөн суманд аймгийн ИТХ-ын, 15 аймгийн 34 сумын 37 мандат дээр сумын ИТХ-ын нөхөн сонгууль явагдсан. Аймгийн ИТХ-ын сонгуульд нийт 9405 хүн санал өгснөөс Ардчилсан нам 3768 санал (40%), МАН 5577 санал (59%) авсан нь энэхүү сонгууль "нүүрсний мөнгөний" нөлөөлөл дор явагдсаныг илтгэж байна. Харин сумын ИТХ-ын сонгуульд санал өгсөн 12,281 иргэний 5213 нь Ардчилсан намд, 6312 нь МАН-д, 756 нь бусад нам, бие даагчдад саналаа өгсөн.
Сонгуулийн үр дүнд Ардчилсан намын өнгөрсөн есдүгээр сард баталсан дотоод дүрэм сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэж байна. Шинэ дүрмээр аймгийн ИТХ-д нэр дэвшихэд заавал аймгийн намын хорооны гишүүн байх, УИХ-д нэр дэвшихэд заавал Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) гишүүн байх шаардлага тавьсан нь нэр дэвшигчдийн боломжийг хязгаарлаж, хайрцагласан шийдвэр болсон. Энэ дүрмийн хязгаарлалтаас болж ард түмнийг төлөөлөх чадвартай олон шилдэг боловсон хүчин нэр дэвших боломжгүй болж байна. Тиймээс ирэх намар намын дүрэмд өөрчлөлт оруулж, нэр дэвших боломжийг нээлттэй болгох шаардлагатай.
2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсийн Говь-Алтай, Увс, Ховд аймгуудын бараг бүх суманд Ардчилсан намын нэр дэвшигчид (С.Амгаланбаатар, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар) тэргүүлж байсан ч хилийн цэргийн анги, отряд байрладаг Алтай, Баруунтуруун, Үенч зэрэг сумдын цэргийн албан хаагчдын саналаар үр дүн огцом өөрчлөгдөж, хойш шидэгдсэн тодорхой баримтууд бий.
Энэхүү төрийн алба болон цэрэгжсэн байгууллагуудыг сонгуульд командаар ашигладаг тогтолцоог өөрчлөхгүй бол иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдсөөр байх болно. Тиймээс Ардчилсан намын зүгээс өмнөх сонгуулиудын үр дүн, төрийн албаны дайчилгааны асуудлаар УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол хийлгэх шаардлагатай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.