Монгол Улс гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулна

Монгол Улс гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулна
 
Монгол Улс нь анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, үйл ажиллагааны загвар, бүтцийг олон улсын сайн туршлагад тулгуурлан бүрдүүлэх зорилгоор Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, сайн туршлагыг судлах арга хэмжээг зохион байгууллаа. 
 
Энэхүү арга хэмжээг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” төслийн хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран Япон Улсын нийслэл Токио хотод зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
 
Тус арга хэмжээнд хуулийн төсөл, дагнасан шүүхийн үйл ажиллагаа, захиргааны ажил болон шүүгчийн мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллаж буй Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл оролцжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.