Академич Ж.Болдбаатар таалал төгсжээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, Ардын багш Боржигин овогт Жигжидийн Болдбаатар таалал төгсжээ.
Тэрбээр 1949 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн.
1967 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэж, 1967-1971 онд МУИС-ийн түүхийн салбарыг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.
1979 онд Москва хотноо “Социалист байгуулалт МАХН-ын удирдах роль” сэдвээр дэд эрдэмтэн, 1991 онд Улаанбаатар хотноо “Олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэх талаар МАХН-аас явуулсан үйл ажиллагаа, туршлага, сургамж” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол улсын ШУА-ын жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1991-1994 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга,
1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь Намын бүлгийн дарга,
1996-1997 онд ШУА-ын Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2011 онд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал,
1998-2016 онд МАН-ын даргын зөвлөх, ШУТИС, Шихихутуг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн зөвлөх профессор, Түүх, философи, цэрэг, олон улсын харилцааны чиглэлээр Шинжлэх ухааны докторын болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Монголын түүхчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогджээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр 12 жил гаруй ажилласан, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт эрдэмтэн юм.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.