Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ

Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монголбанкны 2025 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, тус банкны Хяналтын зөвлөлийн санал, зөвлөмжийг сонслоо.

Хуралдааны үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монгол Улсын эдийн засаг 2025 онд тогтвортой өсөлтөө хадгалсан ч инфляц эрчимжсэнтэй холбоотойгоор төв банк мөнгөний бодлогоо зорилтот түвшинд барих чиглэлээр ажилласныг онцоллоо.

Мөн гадаад худалдааны өсөлт, бодлогын уян хатан зохицуулалтын үр дүнд гадаад валютын улсын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч, 7.0 тэрбум ам.долларт хүрсэн талаар танилцуулсан байна. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдал сайжирч, улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлж буйг дурдав.

Ногоон санхүүжилт, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг өргөжүүлэхийн зэрэгцээ байгууллагын бүтэц, зохион байгуулалтад шинэчлэл хийж, удирдах албан тушаалтны орон тоог 50 орчим хувиар бууруулан төсөв хэмнэжээ. Мөн төв банкны засаглалын реформыг эхлүүлж, цаашид эрх зүйн болон бүтцийн суурь өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон, Төв банкны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Харин Н.Ууганбаатар Хяналтын зөвлөлөөс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд дөрөв, Монголбанканд таван санал, зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэв. Тэрээр төв банкны өр төлбөр, хөрөнгийн зөрүү болох 4.8 их наяд төгрөгийн асуудалд анхаарах, мөн Төв банкны тухай хуулийн хэрэгжилтийг тодорхой болгох шаардлагатай байгааг дурдсан байна.

Мөн тэтгэврийн зээлийг тэглэх зэрэг улс төрийн шинжтэй шийдвэрийг Монголбанканд үүрэг болгох нь төв банкны хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байгааг онцолж, санхүүгийн тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх санал гаргажээ. Х

яналтын зөвлөлөөс Монголбанкны удирдлагад өгсөн зөвлөмждөө Засгийн газраас авах авлагын эрсдэлийг нарийвчлан үнэлэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзах, хөндлөнгийн аудитын “өөрчлөлтгүй” дүгнэлтийг хадгалах, тайлан мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх шаардлагатайг мөн онцолсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.