Залилангийн хэрэгт ял шийтгүүлсэн Нигерийн иргэн их хэмжээний хар тамхи оруулж иржээ
Монгол эмэгтэйтэй гэрлэн манай улсад амьдардаг Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жон их хэмжээний мансууруулах бодис хилээр нэвтрүүлэн, хүлээн авч, борлуулахыг завдсаныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан илрүүллээ. Тэрбээр ойр тойрныхоо хүмүүстэй бүлэглэн өнгөрсөн сарын 16-нд нэг кг гаруй хар тамхи оруулж ирсэн аж.
Түүнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улсын хилээр их хэмжээгээр нэвтрүүлсэн” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тооцон, шүүгчийн захирамжийн дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хориод буй гэнэ.
Эжикэмэ Чимэзиэ Жон өмнө нь эхнэр Б.Хулан болон өөр хүмүүстэй нийлж, “Лонати С.П.А”, “Делүксе мулти сервисес СРЛ” гэх компани байгуулан түүгээрээ дамжуулан Итали, Туркийн аж ахуйн нэгжүүдийг мэхэлж, мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн. Тодруулбал, Туркийн “Алпин корап сан” зэрэг компани руу Эжикэмэ Чимэзиэ Жон хуурамч захидал илгээж, данс өөрчлөгдсөн гэж төөрөгдүүлэн “Лонати С.П.А” ХХК-ийнхаа дансыг өгч, 700 000 орчим еврог Монголд байгуулсан компаниудын “Голомт” банк дахь дансаар авч луйвардсан байдаг. Уг мөнгөө “Сайн” хэмээх банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд БНХАУ руу шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2019 онд хэлэлцээд Эжикэмэ Чимэзиэ Жонд гадаадын аж ахуйн нэгжийг цахим хэрэгсэл ашиглан залилсан үйлдэлд нь долоо, мөнгө угаасан хэрэгт нь гурав, нийт 10 жил, эхнэр Б.Хуланд нь есөн жил хорих ял шийтгэсэн юм. Тэд уг ялаа эдэлж дуусаад суллагдан дараагийн гэмт үйлдлээ өдүүлсэн бололтой. Б.Хулан нь нутаг нэгтнүүдээ золиослон хар тамхи тээвэрлүүлж байсан эгч дүүсийн нэг гэх албан бус мэдээлэл бий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.