🔴Р.Нямдаваа: Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг солонгоруулна
Шатахууны шуурхай штабын мэдээлснээр, 2026 оны есдүгээр сард Монгол Улс нийт 279 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс 64 мянга орчим тонн нь цэвэр АИ-92 авто бензин, үлдсэн 215 мянган тонн нь дизель түлш байжээ.
Монгол Улс сард дунджаар 230 мянга орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд нийт хэрэглээний 65 хувийг дизель түлш, 35 хувийг авто бензин эзэлдэг. Есдүгээр сарын импортыг энгийн үеийн хэрэглээтэй харьцуулахад АИ-92 авто бензинийг ердийн сарын түвшин буюу 65 орчим мянган тонноор татан авсан үзүүлэлттэй байна. Гэвч хомстол үүсэх үед иргэдийн хэрэглээ болон эрэлт огцом өсдөг аж.
Аравдугаар сард ОХУ болон шинэ эх үүсвэрүүдээс дараах захиалгуудыг баталгаажуулсан байна. Үүнд:
-ОХУ-аас: 60 мянга орчим тонн АИ-92 авто бензин импортлохоор баталгаажсан. "Роснефть" компани өнгөрсөн есдүгээр сард 53 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлэхээр баталгаажуулж байсан бол энэ сард 57 мянган тонн болж нэмэгдсэн
-БНХАУ-аас: найман мянга орчим тонн авто бензин импортлохоор захиалга батлагдсан
-БНСУ, Сингапур зэрэг улсаас далайгаар тээвэрлэн 10 дугаар сарын дундаас эхлэн бүтээгдэхүүн орж ирнэ. Нийтдээ бусад шинэ эх үүсвэрүүдээс 20 гаруй мянган тонн 92 авто бензин импортлох боломж бүрджээ.
Энэ сард нийт 77-78 мянга орчим тонн АИ-92 авто бензин импортлохоор захиалгаа баталгаажуулжээ. Батлагдсан хуваарийн дагуу татан авалт амжилттай зохион байгуулагдвал АИ-92 шатахууны нийлүүлэлт энэ сард хэвийн болох боломжтойг мэдээллээ.
Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА) болон Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас ажлын хэсэг гарч шагийн шатахуунд хяналт шалгалт хийж байна. Гол зөрчил нь зохион байгуулалттайгаар автомашин, мотоциклоор дараалал үүсгэн банкаа дүүргээд, дараа нь канистр, саванд юүлж иргэдэд өндөр үнээр зарж зохиомол дараалал, бухимдал бий болгож буй явдал юм. Хууль хүчний байгууллагууд үүнийг таслан зогсоохоор ажиллаж байна.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа:
-Сүүлийн долоон сарын хугацаанд Ормузын хоолойн тээврийн урсгал саатсанаас Азийн улсуудад нийлүүлэлт доголдсон. Мөн Улаан тэнгисийг холбосон Баб-эль-Мандебын хоолойн үйл ажиллагаа гацах эрсдэл нэмэгдсэн.
Дэлхийн дунджаар он гарсаар шатахууны үнэ 21 орчим хувиар, сүүлийн гурван сард 12 орчим хувиар өссөн бол зарим улсад сүүлийн зургаан сарын дотор үнэ 110 хувь буюу 2.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Европын орнуудад энэ оны дөрөвдүгээр улиралд агаарын түлшний хомстол үүсэж, Ази, Африкийн орнуудаас хайж эхэлсэн. Монгол Улсын хувьд агаарын түлш, дизель түлшний нийлүүлэлт харьцангуй хэвийн хадгалагдаж байна.
Геополитикийн нөхцөл байдал амаргүй, олон улсын зах зээлийг таамаглахад хүндрэлтэй байгаа хэдий ч холбогдох яамд, дипломат төлөөлөгчийн газруудын зүгээс нийлүүлэлтийн эх үүсвэрийг солонгоруулах, импортын урсгалыг хэвийн түвшинд хадгалахаар тасралтгүй ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.