Украины дрон Белгород хотын төвд унаж, орон сууцны хорооллуудыг сүйтгэв
ОХУ-ын Белгород мужийн төв болон орон сууцны хорооллууд Украины зэвсэгт хүчний дроны цохилтод өртөж, олон тооны иргэд бэртэж гэмтэн, орон сууц, хувийн байшингууд их хэмжээгээр сүйджээ.
Бямба гаргийн орой болсон уг халдлагын улмаас эмнэлэгт хүргэгдсэн нэгэн эмэгтэй шархаа даалгүй нас барж, гурван хүүхэд багтсан зургаан хүн хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн байна. Орон нутгийн удирдлагууд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас үүнийг энгийн иргэдийн эсрэг чиглэсэн зориудын халдлага хэмээн буруутгалаа.
Халдлагын улмаас бэртэж гэмтсэн иргэдийн дунд гурван хүүхэд байгаа бөгөөд тэдний биеийн байдал харилцан адилгүй байна. Тодруулбал, дөрвөн настай охин, 11 настай хүү хөлөндөө шарх авч эмнэлэгт хэвтсэн бол 16 настай хүү цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шархтайгаар биеийн байдал маш хүнд байгаа аж. Түүнчлэн, насанд хүрсэн гурван иргэн эмнэлэгт хүргэгдсэний хоёрынх нь биеийн байдал нэн хүнд байна гэв. Белгород мужийн Амбан захирагч ням гаргийн өглөө мэдээлэл хийхдээ, орон сууцны барилга руу дрон унах үеэр хүнд бэртсэн нэгэн эмэгтэй эмнэлэгт нас барсныг албан ёсоор мэдэгдэв.
Дроны дэлбэрэлтээс үүдэн Белгород хотод орон нутгийн чанартай гал түймэр гарч, иргэдийн өмч хөрөнгөнд үлэмж хэмжээний хохирол учирсан байна. Олон давхар орон сууцны нэгэн байранд гал гарч, зургаан автомашин бүрэн шатсаныг гал сөнөөгчид шуурхай ажиллаж унтраажээ.
Бүс нутгийн шуурхай штабын шинэчилсэн мэдээллээр, нийт 7 орон сууцны барилгын 135 айлын сууц, хувийн 30 байшин, мөн 47 тээврийн хэрэгсэл дэлбэрэлтийн улмаас янз бүрийн хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна.
Бүс нутгийн удирдлагууд болон цэргийн албаныхан уг үйл явдалд эрс хатуу байр суурь илэрхийллээ. Амбан захирагч Александр Шуваев дайсан этгээд амралтын өдрийн орой энгийн иргэдийн амьдардаг хороолол, хотын төвийг зориудаар онилсон нь хохирлын хэмжээг дээд цэгт нь хүргэж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн оролдлого гэсэн бол, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн ямар ч объект байхгүй орон сууцны дүүргүүд рүү чиглэсэн "террорист халдлага" гэж тодорхойлсон байна.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин бямба гаргийн оройноос ням гаргийн өглөө хүртэлх хугацаанд ОХУ-ын хэд хэдэн бүс нутгийн дээгүүр Украины нийт 559 дроныг илрүүлж, устгасан тухайгаа мэдээллээ. Үүнээс 182 дроныг зөвхөн Белгород мужийн нутаг дэвсгэрт амжилттай саармагжуулсан болохыг Амбан захирагч Шуваев тэмдэглэсэн байна. Белгород мужийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12 хүн бэртэж, гурван энгийн иргэн амиа алдсан бөгөөд үүнд Смородино тосгонд амиа алдсан нэгэн эрэгтэй мөн багтаж байгаа аж.
Эх сурвалж:
• life.ru
• e1.ru
• m.vk.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.