Ши Жиньпиний аюулгүй байдлыг хариуцдаг гол албан тушаалтан тодорхой болов
АНУ-ын Цагаан ордонд болсон төрийн хүндэтгэлийн зоогийн зочдын нэрсийн жагсаалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бие хамгаалалтыг хариуцдаг багийн тэргүүн, хошууч генерал Жоу Хуншюйгийн албан тушаал албан ёсоор ил боллоо.
Бээжин төрийн тэргүүнийхээ хамгаалалтын албаны нарийн мэдээллийг чандлан нууцалдаг ч 2026 оны есдүгээр сарын 24-ний пүрэв гаргийн үдэш болсон уг хүлээн авалтын үеэр түүний нэр, цэргийн цол болон эрхэлж буй албыг Цагаан ордноос нийтэд ил тод зарласан байна.
Өдгөө 55 настай Жоу Хуншюй нь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хошууч генерал цолтой бөгөөд Хятадын Коммунист Намын Төв хорооны Ерөнхий газрын дэд дарга, мөн Төвийн хамгаалалтын товчооны даргын албыг давхар хашдаг нь батлагдлаа. Энэхүү товчоо нь Ши Жиньпин болон тус улсын дээд түвшний удирдагчдын аюулгүй байдлыг гардан хариуцдаг онцгой нэгж бөгөөд түүний давхар хашиж буй алба нь намын захиргааны төв бүтцэд чухал байр суурь эзэлдгийг илтгэж байна.
Жоу Хуншюй нь өмнө нь олон улсын томоохон дээд хэмжээний уулзалтуудын үеэр БНХАУ-ын төрийн тэргүүний дэргэд тогтмол харагддаг байсан ч эрхэлж буй нарийн албан тушаал нь тодорхойгүй байсан юм.
Тухайлбал, 2022 оны Балигийн Их 20-ийн уулзалт, 2023 оны Сан-Францискогийн АПЕК-ийн чуулган болон 2026 оны есдүгээр сарын 12-нд Шинэ Дели хотноо Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтын үеэр тэрбээр Ши Жиньпиний хамгаалалтыг удирдан зохион байгуулж байжээ. Чунцин хотод төрсөн тэрбээр Чөлөөлөх армийн их бууны академид магистрын зэрэг хамгаалсан төдийгүй 14 дүгээр армийн 40 дүгээр дивизийн их бууны хорооны дарга, Чэндү цэргийн тойргийн сургалтын хэлтсийн дарга, Хойд бүсийн цэргийн командлалын хуурай замын цэргийн штабын дэд дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан намтартай аж.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын зохион байгуулсан төрийн зоогт Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг дагалдан цөөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Төлөөлөгчдийн дунд Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи, Гадаад хэргийн сайд Ван И, Төвийн бодлого судлалын албаны захирал Тан Фаньюй нар багтсан байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар Жоу Хуншюй ийм өндөр түвшний албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэр заагдан багтсан нь түүний Ши Жиньпиний аюулгүй байдал болон захиргааны хүрээлэл дэх нөлөө улам бэхэжсэний тод илрэл болж байна.
Эх сурвалж:
• ua.news
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.