ОХУ хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах шинэ, цогц арга хэмжээ авч эхэллээ
Оросын Холбооны Улсын Засгийн газар суурин газрууд руу зэрлэг араатан халдаж, хүний амь эрсдэх явдал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан хүрэн баавгайн тоо толгойг яаралтай зохицуулах цогц арга хэмжээ авч эхэлснийг мэдэгдлээ.
ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Александр Козлов бүс нутаг бүрд хүрэн баавгайн тоо толгойн суурь нормативыг тогтоох санал дэвшүүлсэн байна.
Ингэснээр тухайн нутаг дэвсгэрт амьтны тоо хэт олшрохоос урьдчилан сэргийлж, хүн амын аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. Үүний зэрэгцээ тус улсын Шадар сайд Дмитрий Патрушев хүрэн баавгайг агнах зөвшөөрлийг хязгаарлагдмал төрөл зүйлээс хасах асуудлыг судалж байгааг онцолсон бөгөөд энэхүү өөрчлөлт нь орон нутгийн удирдлагуудад урт хугацааны квот хүлээлгүйгээр шуурхай шийдвэр гаргах эрхийг олгох юм.
Шадар сайд Дмитрий Патрушев холбооны төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа бүс нутгуудын жагсаалтыг гаргах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Үүний үндсэн дээр Засгийн газрын тусгай захирамж гарч, баавгайн тоо толгойг зохицуулах ажилд зориулан хөрөнгө мөнгө хуваарилах аж. Түүнчлэн Байгалийн нөөц, байгаль орчны яам нь Дотоод хэргийн яам, Ерөнхий прокурорын газар, Хөдөө аж ахуйн хяналтын алба болон Байгаль орчны хяналтын албатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, бүс нутгуудад мөрдөх нэгдсэн зөвлөмж, дүрэм журам боловсруулахаар төлөвлөөд байна.
Сүүлийн 30 жилийн хугацаанд тус улсад хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин өсөж, өдгөө 300 мянга давсан нь ийнхүү аюултай нөхцөл үүсгэх үндэс суурь болжээ. Сайд Александр Козловын мэдэгдсэнээр 2026 онд ойд байгалийн идэш тэжээл хомстсоноос үүдэн өлссөн баавгайнууд хог хаягдлын цэг, аялал жуулчлалын бүс, хүн ам төвлөрсөн суурин руу хоол хайн шахагдах болсон байна. Тус улсад 2026 оны хавраас хойш зэрлэг баавгайн дайралтын улмаас 22 хүн амиа алдсан харамсалтай баримт бүртгэгджээ.
Одоогоор хамгийн ноцтой бөгөөд аюултай нөхцөл байдал Приморийн хязгаар, Красноярскийн хязгаар болон Эрхүү мужид ажиглагдаж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Алтай Улс, Өвөр Байгалын зарим нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Шинээр хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн зохицуулалтын хүрээнд эдгээр асуудалтай мужуудад эрсдэлийг богино хугацаанд бууруулж, иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Эх сурвалж:
• dzen.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.