🔴ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна

AI хөрвүүлсэн
🔴ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
МЭДЭЭГ СОНСОХ
Chimege AI дуу хоолойгоор бэлтгэсэн аудио хувилбар

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат салбарын цаг үеийн нөхцөл байдал, УИХ-ын ерөнхий сонсгол, малын гоц халдварт өвчин болон ургац хураалтын явцын талаар хэвлэлийн хурал хийж, албан ёсны мэдээлэл өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд байсан цаг үеийн гурван үндсэн сэдвээр дараах тайлбар, мэдээллийг өгсөн юм.

Нэгдүгээрт: УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос зохион байгуулсан салбарын ерөнхий сонсголын талаар

Сайд Ц.Идэрбат: "УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос хөдөө аж ахуйн салбарын асуудлаар сонсгол зохион байгуулсан нь сайн хэрэг. Энэхүү сонсголоор салбарт юу нь болж, юу нь болохгүй байгааг, ямар алдаа гарч, түүнийг хэрхэн засахыг ил тод болгох боломж бүрдэж байна. Манай яамны зүгээс уг сонсголыг бүтээлч, ажил хэрэгч байгаасай гэсэн байр суурь баримталсан. Шинжээчдийн хүссэн цаасан болон цахим архивын бүх мэдээлэл, тайлан баримтыг удаа дараа албан бичгээр болон зөөврийн санах ойгоор бүрэн хүлээлгэн өгсөн. Мөн мэдээлэл дутуу байвал яам, Үндэсний төв архив болон Дархан дахь архивт хамтран сууж ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж ажилласан.

Сонсголын дараа УИХ-ын зарим гишүүд мэдээлэл хийсэн бөгөөд яамны хувьд хэвлэл мэдээллийнхэнд тоо баримтыг бодитоор судлах боломж олгох үүднээс хүлээцтэй хандсан юм. Гэвч шинжээчийн дүгнэлт гэдэг бол шүүхийн шийдвэр биш, алдаатай болон оносон зүйлс байж болно. Бүх асуудлыг зөвхөн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан харлуулах нь өрөөсгөл юм.

Тухайлбал, 'Салбарын бүтээмж буурч, их наядаар хэмжигдэх төсөл хөтөлбөрүүд үр дүнгүй болсон' гэх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй. 2008 оноос 2024 оны эцэс хүртэлх хугацаанд газар тариалангийн салбарын үйлдвэрлэл 172.7 тэрбум төгрөг байснаас 1.9 их наяд төгрөг болж 11.2 хувиар өссөн. Нийт тариалангийн талбай 202 мянган га байсан бол өдгөө 3 дахин өсөж, 600 гаруй мянган га-д хүрлээ. Улаан буудайн тариалалт 154 мянган га байсан бол өдгөө 392 мянган га болсон. Хүнсний ногооны тариалалт 6.4 мянган га-гаас 20.2 мянган га болж өссөн. Таримал тэжээлийн талбай 1.5 мянган га-гаас 93.4 мянган га болж нэмэгдсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооныхоо 70 хувийг, улаан буудай, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь бүрэн хангаж байна.

Миний бие Төв аймагт ажиллах үеэр 4 мянга гаруй эргэлтийн талбайтай, энэ жил 2300 га-д тариалалт хийсэн аж ахуйн нэгжтэй танилцсан. 'Атар-4' аян болон 'Хүнсний хувьсгал'-ын хүрээнд арилжааны банкны барьцаатай зээлээр комбайн авснаар өмнө нь 21 хоногт хураадаг байсан тариагаа 7 хоногийн дотор хураадаг болсон байна. Тэгэхээр зээл, дэмжлэг бодит үр өгөөжөө өгч байна.

Мал аж ахуйн салбарт 'Шинэ хоршоо' хөдөлгөөн, арьс шир, ноосны урамшуулал зэрэг олон дэмжлэг хэрэгжиж ирсэн. Арьс ширний урамшуулал олон жил олгогдсон ч үйлдвэргүй байна гэдэг нь бидний алдаа мөн. Тиймээс 2027 он гэхэд Ховдын арьс ширний үйлдвэрийг ашиглалтад оруулах, Өвөрхангайд баригдсан хоёр үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг шийдэх, Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг эрчимжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Харин 'Цагаан алт' хөтөлбөрийн хүрээнд ноолуур ээрэх хүчин чадал 400 тонноор, сүлжих хүчин чадал 200 мянган ширхгээр нэмэгдсэн. Урьд нь Хятадын ченжүүд хавар орон нутгаас ноолуурыг хямд авдаг байсан бол энэ жил үндэсний үйлдвэрүүд түрүүлж орж, малчдаас 1 кг ноолуурыг 200 гаруй мянган төгрөгөөр худалдан авсан нь малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болсон.

'Хүнсний хувьсгал'-ын хүрээнд зөвхөн гурил, талх гэлтгүй газар тариалан, хүнсний ногооны үйлдвэрлэлд зээл олгогдож, нийт 53 шинэ үйлдвэр байгуулагдлаа. Үүний үр дүнд 'Талын Монгол', 'Лапша' зэрэг брэндүүд, мөн 'Тод оймс' Евразийн эдийн засгийн холбооны гишүүн 5 улсын зах зээлд өндөр амжилттай экспортлогдож байна.

Түүнчлэн үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд олгогдсон 2.6 их наяд төгрөгийн зээлийг сайдын гарын үсгээр бус, бүгдийг арилжааны банкаар дамжуулан барьцаа хөрөнгийн үндсэн дээр олгосон бөгөөд зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж байна. Нэг эзэмшигчтэй компаниуд урамшуулал авсан тухайд хууль, журамд тариалсан бүтээгдэхүүний хэмжээгээр олгохоор заасан байдаг. Харин тариалаагүй байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн урамшуулал авах гэсэн үйлдлүүдийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Хөдөө аж ахуйн корпорацын 650 орчим тэрбум төгрөгийн өртэй гэх асуудал нь шинжээч олон жилийн өр, авлагын үлдэгдлийг жил тус бүрээр нь давхардуулан нэмснээс үүссэн тооцооны алдаа болохыг шинжээч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Тус корпорац нь 2023 оны 7-р сарын 19-нд Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах сангийн өр авлагыг нэгтгэн байгуулагдахдаа 213.9 тэрбум төгрөгийн өртэй байсан бөгөөд сүүлийн гурван жилд 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, одоогоор 140 гаруй тэрбум төгрөгийн авлагатай байна.

Импортын хамаарал өссөн гэх асуудлын тухайд тариалалтын талбай 3 дахин нэмэгдсэн тул бордооны хэрэглээ дагаад өссөн. Бид импортын хамаарлыг бууруулахын тулд яс, ноос, арьс ширний хаягдлаар органик бордоо хийж, 11 дүгээр сард олон улсын лабораториор баталгаажуулахаар ажиллаж байна. Мөн ажиллах хүчний тоо 33 мянгаар буурсан нь өнгөрсөн өвлийн зудаар малгүй болсон иргэдийн шилжилттэй холбоотой бөгөөд хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбарын ажиллах хүчний тоог бүрэн тусгаагүйгээс үүдэлтэй" гэлээ.

Хоёрдугаарт: Ямааны гоц халдварт "годрон" өвчний нөхцөл байдлын талаар

Сайд Ц.Идэрбат ямааны годрон өвчний нөхцөл байдлыг танилцуулахдаа: "Энэ өвчин нь 1950-иад оноос хойш манай улсад гараагүй бөгөөд хамгийн сүүлд 2024 онд хил орчмын бүсэд бүртгэгдэж байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд Говь-Алтай, Төв аймагт годрон өвчний тохиолдол гарч, малчдад хүнд цохилт болж байна.

Шалгалтаар 'Саятан сүрэг' компаниас иргэдэд худалдсан үржлийн ухнаас уг өвчин тархсан нь тогтоогдсон. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд уг ухнын үүлдрийг тодорхойлуулахад БНХАУ-д үржүүлдэг 'Хайрвас' (10-А) үүлдрийн ухна болох нь 100 хувь батлагдсан. Энэ үүлдрийн малыг Монгол Улсад импортлох зөвшөөрөл олгогдоогүй тул улсын хилээр хууль бусаар, хорио цээрийн хяналтгүй нэвтрүүлсэн байх өндөр магадлалтай байна. Мөн тухайн компани мал эмнэлгийн хяналтгүйгээр борлуулалт хийсэн байна.

Иймээс ХХААХҮЯ-наас хууль бусаар хилээр мал оруулж ирсэн, орон нутагт тараасан асуудлыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд албан ёсоор хандсан. Өнөөдөр хуралдах Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг болон хохирсон малчдад нөхөн олговор олгох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлнэ. Орон нутагт хотоо харлуулж буй малчдын сэтгэл зүй, амьжиргааг нэн тэргүүнд анхаарах ёстой бөгөөд буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.

Вакцины тухайд, Биокомбинат 50 гаруй жил уг өвчин гараагүй тул 2000 оноос хойш вакцин үйлдвэрлэхээ зогсоосон байсан. Одоо өвчилсөн малын дээжнээс вакцин үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажил эхэлсэн бөгөөд сар гаруйн хугацаанд бэлэн болно. Цаашид Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Төсвийн тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, анхан шатны баг, сум, аймгийн Засаг дарга, мал эмнэлгийн албадын хариуцлагыг чангатгах хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барина" гэв.

Гуравдугаарт: Ургац хураалт болон өвлийн хүнсний нөөц бүрдүүлэлтийн талаар

Ургац хураалтын явцын талаар ХХААХҮ-ийн сайд мэдээлэхдээ: "Улсын хэмжээнд ургац хураалт ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар төмс хураалт 90 орчим хувь, улаан буудайн хураалт 70 орчим хувьтай үргэлжилж байна. Тариаланчид энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болох цаг агаарын хүйтрэлээс урьтаж ургацаа бүрэн хураахаар шамдан ажиллаж байна. Шатахуун, хүн хүчний хувьд ямар нэгэн саад бэрхшээл гараагүй.

Засгийн газраас улсын нөөцөд 100 мянган тонн улаан буудай худалдан авах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ эхний ээлжид өр авлагатай аж ахуйн нэгжүүдийн өрийг суутган тооцох, цаашид Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан томоохон компани төдийгүй 300 га хүртэлх талбайтай жижиг тариаланчдаас тэгш хувь хэмжээгээр худалдан авах зарчим баримтална.

Мөн хаврын улирлын үнийн хөөрөгдөл, инфляцыг сааруулах зорилгоор 13-14 мянган тонн төмс, лууван, сонгино, манжин зэрэг үндсэн 4 нэр төрлийн хүнсний ногоог зооринд хадгалах сонгон шалгаруулалтыг зарласан. Ногоочдоос бүтээгдэхүүнийг нь ХАА-н биржээр дамжуулан орон нутагт нь очиж худалдан авах бөгөөд 11 дүгээр сар гэхэд зоорилох ажлыг бүрэн дуусгана. Нийт төсөвлөсөн 150 тэрбум төгрөгөөс 10 тэрбумыг махны татаасанд, 14 тэрбумыг гурилын үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд, үлдсэн 130 тэрбум төгрөгийг салбарын эргэлтийн хөрөнгө болон хаврын урьдчилсан гэрээт худалдан авалтад зарцуулна" хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.