🔴УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Ахмад настны их сургууль байгуулах шаардлагатай. Ахмадууд суралцах эрхтэй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Хулгайлсан мөнгөний эх үүсвэрийг татвал ахмадуудын суурь тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох бүрэн боломжтой

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нийт ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ, ахмадуудын нийгмийн хамгаалал болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр сүүлийн үед ахмадууд өөрсдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо идэвхтэй өргөж байгаад талархалтай буйгаа дурдаад, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар бодит тооцоо судалгаа хийснээ танилцуулав.

"Суурь тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх боломжтой"

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа хэлэхдээ: "Ахмадууд маань сүүлийн тав, зургаан сарын турш тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох хөдөлгөөнд нэгдээд байна. Миний хувьд УИХ-ын гишүүний хувиар ахмадуудаа энгийн, хангалуун амьдруулахын тулд суурь тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох ёстой гэж анх шүгэл үлээж, асуудал дэвшүүлсэн. Энэ бол хоосон яриа биш, бүрэн боломжтой зүйл" хэмээн онцлов.

Түүний хийсэн судалгаагаар, төсөвт нүүрсний болон төрөл бүрийн сангуудын хулгайгаар алдагдсан хөрөнгө мөнгийг эргүүлэн төвлөрүүлж, 2026 оны төсөв дээр 4 их наяд төгрөг тусгаж чадвал нийт 1.5 сая ахмадын суурь тэтгэмжийг хамгийн багадаа 1.5 сая төгрөг болгох боломж бүрдэх аж. Энэхүү тооцоо, судалгаа бүхий албан бичгээ тэрбээр Ерөнхий сайдад хүргүүлж байжээ.

Мөн тэрбээр "Төсөвт суурь тэтгэврийг 300 мянган төгрөгөөр нэмэх тодотгол орж ирж байгаа нь тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэх төдий алхам юм. Харин Ардчилсан ахмадын холбооноос суурь тэтгэврийг 2 сая, зарим тэмцэж буй ахмадууд 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Бидний хувьд төсвийн нарийн судалгаан дээр үндэслэн 1.5 сая төгрөг болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул энэ чиглэлээр боломжит бүх хувилбарыг дэвшүүлэн ажиллах болно" гэв.

"Ахмад настны асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг намрын чуулганаар батлуулна"

Д.Энхтуяа гишүүн санаачлан боловсруулсан Ахмад настны асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийнхөө талаар мөн мэдээлэл өглөө. Тэрбээр уг хууль нь ахмад настныг зөвхөн халамжлах бус, нийгмийн хамгаалал, тэдний идэвхтэй амьдралыг дэмжих суурь шинэчлэл болохыг тэмдэглэв.

"1924 онд анх асрамжийн газрыг өнчин ядуусыг тэтгэх зорилгоор байгуулж байсан бол өдгөө энэ ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн. Ахмадуудад зөвхөн халамж биш, нийгмийн хамгаалал, хөгжих дэвших, суралцах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрх хэрэгтэй байна. Тэтгэвэрт гарсан ч ахмадууд хамт олноороо сурч боловсрох, туршлагаа бусадтайгаа хуваалцах Ахмад настны их сургууль зэрэг тогтолцоог бодлогоор дэмжих ёстой" гэлээ.

Түүнчлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ахмад настны асрах үйлчилгээний салбарт өргөнөөр татан оролцуулахын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх, газрыг үнэ төлбөргүй олгох, хөнгөлөлттэй зээл тусламжаар дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийн төслийг УИХ дэмжсэн бөгөөд энэ намрын чуулганаар эцэслэн батална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Иргэдийн бухимдал, жагсаал цуглааны талаарх байр суурь

Төв талбай тойрон автомашинтай иргэд болон ахмадуудын зүгээс эсэргүүцэл илэрхийлж буй явдлын талаар сэтгүүлчийн тавьсан асуултад тэрбээр хариулахдаа иргэдийн эсэргүүцлийг дэмжиж буйгаа мэдэгдэв.

Тэрбээр "Ахмадууд маань тэтгэврийн зээлийнхээ үлдэгдэл болох 100-200 мянган төгрөгөөр л амьдарч байна. Бензин шатахууны хомсдол, үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн дарамтаас үүдэн ард түмний бухимдал туйлдаа хүрсэн. Эрх баригч МАН хоёр хуваагдан дотооддоо тэмцэлдэж байх хооронд ард түмний амьдрал доройтлоо. МАН сүүлийн 10 жил төр барихдаа Монгол Улсыг авлигын индексээр дэлхийн 180 орноос 126 дугаарт ортлоо ухрахад хүргэсэн. Иймд ард иргэд үзэл бодлоо илэрхийлж, шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо өргөх нь зүй ёсны хэрэг" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.