ОХУ болон БНХАУ-ын Монгол дахь ЭСЯ-нд халдсан хэргүүд хэрхэх бол
Монголчууд бид эрт үеэсээ л элч, төлөөлөгчдөд хүндэтгэлтэй хандаж ирснийг түүх, сударт олонтоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Элчийг хүндэтгэх үүднээс “Элчид ял үгүй”, “Төрийн элч төв замаар” гэж ярьцгаадаг байсан биз. Түүгээр ч зогсохгүй элчийн бие лагшин, нэр төрд халдахыг цээрлэж ирсэн нь өнөө ч дипломат ёс, эрх ямба, халдашгүй дархан байдал нэрийн дор хадгалагдсаар буй билээ.
Манай улс ардчилал, эрх чөлөөг дээдэлсэн замд шилжиж, хэн дуртай нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буй. Энэ ч үүднээс хойд, өмнөд мөнхийн хөрш орныхноо элдэв үгээр хэлж, эрх чөлөөнд нь ч халдан, Элчин сайдын яам (ЭСЯ)-ных нь гадаа туг хиур барин эсэргүүцэл илэрхийлэх явдал ч гаргадаг. Ийнхүү үзэл бодлоо илэрхийлэгчид нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагддаг гэдгийг төдийлөн ухамсарлахгүй нь харамсалтай. Хоёр хөршийнхөө ЭСЯ, дипломат эрх ямба бүхий ажилтанд манай иргэд халдсан нэг бус тохиолдол гарч, гэм буруугаа дэнслүүлэхээр шүүх, прокурорын шатанд хэргийг нь хянаж байна. Нэгийг нь шүүх эцэслэн шийдвэрлэжээ. Эдгээр хэргээс тоймлон уншигчдадаа хүргэе.
КОНВЕНЦ ЗӨРЧСӨН ЯВДЛЫГ ХЯТАДЫН ТАЛ БУРУУШААЖ БАЙНА
Японы Өөрийгөө хамгаалах хүчний буюу цэргийн алба хаагч нь хутга барин Токио дахь БНХАУ-ын ЭСЯ-д нэвтэрсэн гэх хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт арлын орны шүүхэд болж. Энэ оны гуравдугаар сарын 24-нд Өөрийгөө хамгаалах хүчний дэслэгч цолтой алба хаагч Мүратa Кодай тус ЭСЯ-ны хашааг давж ороод, хутга гарган дипломат ажилтнуудыг хөнөөнө гэж сүрдүүлсэн аж. Үүнийг Хятадын тал тусгаар тогтнол, нэр төрд халдсан ноцтой үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлж, Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг ноцтой зөрчсөн явдал хэмээсэн байна.
Тэгвэл БНХАУ-аас манай улсад суугаа ЭСЯ-ныхан ч бас ийм мэдэгдэл Монголын холбогдох байгууллагад нэг бус удаа хүргүүлээд буй гэнэ. Эхнийх нь 2024 оны аравдугаар сарын 12-нд болсон үйл явдалтай холбоотой аж.
Иргэн Ж.О нь 2024 оны аравдугаар сарын 12-ны 20.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила молл” төвийн гадна зогсож байсан манай улс дахь БНХАУ-ын ЭСЯ-ны автомашин, түүний урд суурилуулсан Төрийн далбаа руу нь нулимж, цохиод зогсохгүй, жолооч хятад иргэний биед халдсан хэрэг өдүүлжээ.
Тус төвд болсон уулзалтад Элчин сайд нь оролцоод, жолооч нь гадаа хүлээж байхад ийм явдал болсон гэнэ. Ж.О-ийн хувьд уул уурхайн инженер мэргэжилтэй, өмнө нь уул уурхайн нэгэн компанид ажиллаж байгаад БНХАУ-д магистрт сураад ирсэн нэгэн аж.
Жолоочийнх нь биед халдсан асуудлаар БНХАУ-ын ЭСЯ-ныхан манай Гадаад харилцааны яаманд албан бичиг хүргүүлж, тус яамнаас хэргийг шалгаж буй хууль сахиулах байгууллагад 2025 оны тавдугаар сарын 30-нд 13/2778 дугаартай “БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан нь тус ЭСЯ-ны захиргаа-техникийн ажилтан бөгөөд 2023 оны тавдугаар сарын 23-нд Гадаад харилцааны яаманд бүртгэж, албан үнэмлэх олгосон болно. Захиргаа-техникийн ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх үедээ дархан эрх эдэлдэг болохыг үүгээр мэдээлж байна” гэсэн албан бичиг ирүүлжээ.
Монгол нэгдэн орсон Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцод зааснаар улсуудын бүрэн тэгш эрх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, үндэстнүүдийн хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх болон халдашгүй байх дархан эрхийн тухай хэлэлцэн тохиролцож, уг конвенцын 1.f хэсэгт “захиргаа-техникийн бүрэлдэхүүний гишүүд” буюу Дипломат төлөөлөгчийн газрын захиргааны болон техникийн үйлчилгээг гүйцэтгэгч төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүний гишүүдэд нэгэн адил хамаарахаар зохицуулсан юм байна. Манай улс энэ конвенцыг дотоодын хуульдаа тусгасан байдаг бөгөөд тухайлбал, 2017 оноос мөрдөж буй Эрүүгийн хуулийн 29.7-1 дэх хэсэгт “Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, дипломат элч, гадаадаас Монголд албан ёсны, ажлын айлчлалаар ирсэн гадаадын Төрийн тэргүүн, түүний гэр бүл, Монголд өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан” үйлдэлд хариуцлага оноохоор заасан байдаг.
Иргэн Ж.О-д холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, энэ оны хоёрдугаар сарын 12-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцээд улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монголд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон тээврийн хэрэгсэлд халдсан гэм буруутайд тооцсон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.7 дахь заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин түүнд зургаан сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэсэн байна.
ЭСЯ-НЫ ХАШААНД НЭВТЭРСЭН ҮЙЛДЛИЙГ ДАХИН ШИЙДВЭРЛЭНЭ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Ж.А, О.М, Э.О, Б.Г, Д.М, У.Ө, С.П нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Үүний гол үндэслэл нь О.М-д холбогдох, Эрүүгийн хуулийн 29.7-1 дэх хэсэгт заасан үйлдлийг анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн гэж дүгнэсэнтэй холбоотой. Уг хэрэгт холбогдсон хүмүүс нэг бус удаа эрүүгийн хэрэгт ял шийтгүүлжээ.
Тэд 2024 оны есдүгээр сард Өвөрхангай аймагт шонхор барьж явсан араб, монгол иргэдэд “Шувуу зөвшөөрөлгүй барьсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт дураараа зорчсон, тамхины иш хаясан” гэх шалтгаанаар халдсан, автомашиных нь дугуй, цонхыг хагалсан, гар утас, дуран, 1500 ам.доллар, 6.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн, Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа машин барьж, явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон юм. Харин О.М нь 2025 оны хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дахь БНХАУ-ын ЭСЯ руу “Муусайн хужаануудыг ална аа” гэх зэргээр давшилж, нэвтрэхийг завдан, шаардлага тавьсан хамгаалалтын хоёр цагдаад халдаж, резинэн сумтай бууных нь магазиныг булааснаас гадна харуулын цэгийн цонхыг хагалсан. Улмаар хүч нэмэгдүүлж ирсэн өөр цагдаад халдан эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж. Тэрбээр үүнээс хойш Хятадын ЭСЯ руу дахин халдсан гэнэ.
Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сард шил шидэж, хамгаалалтын цагдаа нарт халдаад зогсохгүй, хаалга цоож, Төрийн далбааных нь өргөгчийг гэмтээсэн. Анхан шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд О.М-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэжээ. Үүнийг нь БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөл эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд “Шүүгдэгч О.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 29.7-1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх мөн хуулийн 17.8-1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй. Монголд өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан үйлдлийг Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах гэмт хэрэг хэмээн томьёолсон. Дипломат харилцааны тухай Венийн конвенцын нэгдүгээр зүйлд “төлөөлөгчийн газрын байр” гэж хэн өмчилж буйг үл харгалзан төлөөлөгчийн газрын тэргүүний өргөөг оролцуулан төлөөлөгчийн газрын зорилгод ашиглаж буй барилга буюу барилгын хэсэг, эзэлж буй газрыг хэлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.М-ын зүгээс БНХАУ-ын ЭСЯ-ны гадна хашаанд буюу Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэг эрхлэхэд зориулсан байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгөд хохирол учруулж улмаар мөрдөн шалгагдаж байх хугацаандаа дахин хашаа руу шил шидэж, үйлдлээ үргэлжлүүлсэн.
Эрүүгийн хуулийн 29.7-1 дэх хэсэгт “Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор гадаад улсаас Монголд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, дипломат элч, албан ёсны, ажлын айлчлалаар ирсэн гадаадын Төрийн тэргүүн, түүний гэр бүл, Монголд өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүн, олон улсын байгууллагын ажилтан, тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдсан бол” гэж заасны дагуу шүүгдэгч О.М-ын үйлдлийг улс орны нөхцөл байдлыг хурцатгах зорилготой гэж үзэж байна. Тэрбээр ЭСЯ-ны хаалгыг эвдсэн, хашаа руу шил шидсэн, цагдаагийн алба хаагчийн биед халдсан гурван үйлдлийг салгах боломжгүй, нийтэд нь хамруулж үзэхэд БНХАУ-ын ЭСЯ-нд халдсан үйлдэл тогтоогддог. Венийн конвенцод зааснаар ЭСЯ халдашгүй чөлөөтэй байхаар хуульчилсан. Гэтэл шүүгдэгч О.М-ын хийсэн үйлдэл нь Хятад улсын иргэн рүү бус, БНХАУ-ын Засгийн газарт чиглэсэн үйлдэл” хэмээсэн байв. Юутай ч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаагаад байна. Гэхдээ эл хэргийг тагнуул, цагдаагийнхан хоорондоо шидэлцсээр дуусгах уу, үгүй юү гэдэгт хэрэгт хяналт тавьж буй прокурор нь анхаарах биз ээ.
ОХУ-ЫН ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ЛУУ ДАЙРСАН ЗОРИЛГО ЮУ БАЙВ
Сүхбаатар дүүргийн нутаг дахь хойд хөршийн ЭСЯ-ны хашааны хаалгыг автомашинаар дайрсан явдал хэдхэн хоногийн өмнө гарсан юм.
Тодруулбал, есдүгээр сарын 19-ний 07.00 цагийн үед “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан 38 настай эмэгтэй Г.У нь ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын урд талын хаалгыг дайрч ороод зогссон аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж буй бөгөөд харьяаллын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлэх үү, үгүй юү гэдгийг прокурор шийдэх юм. Мөн эхэнд өгүүлсэн хэргийн холбогдогчийн адил сэтгэцийн хувьд эрүүл байсан уу, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон уу, эсвэл өөр зорилготой юу гэдгийг холбогдох байгууллагууд нарийвчлан тогтоох нь гарцаагүй. Эдгээр хэргүүдийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар бид цаг тухайд нь уншигчдадаа хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.