Францад сурагчдын эсэргүүцлийн жагсаалын улмаас 500 орчим ахлах сургуулийг түр хаав
Францын Боловсролын сайд Эдуард Жеффрэй улс даяар өрнөж буй сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн хурцадсантай холбогдуулан 500 орчим ахлах сургуулийн үйл ажиллагааг даваа гаргийн байдлаар бүрэн болон хэсэгчлэн хаах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Сургуулиудын аюулгүй байдлын нөхцөл бүрэн хангагдаагүйн улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг ийнхүү зогсооход хүрсэн байна. Зөвхөн нийслэл Парис хотыг хүрээлэх Иль-де-Франс бүсийн ерөнхийлөгч Валери Пекрессийн мэдээлснээр тус бүс дэх 468 сургуулийн гуравны нэгээс илүү хувь нь хаалгаа барихад хүрээд байна.
Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нийт 24 сургуулийн барилга шатаж, эвдэрч сүйдсэн бөгөөд боловсролын салбарын доод тал нь 78 ажилтан бэртэж гэмтсэн тухай эрх баригчид мэдээлэв. Жагсагчид болон үймээн самууныг дарах цагдаагийн хүчний хооронд ширүүн мөргөлдөөн үүссэний улмаас хэдэн зуун хүн бэртэж, 5000 гаруй хүнийг саатуулан баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь сурагчид байгаа бөгөөд цагдаа нар сургуулийн орц гарцыг хаасан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий болон бороохой ашигласан байна.
Энэхүү хөдөлгөөн анх 9 дүгээр сарын 17-нд Парисын нэгэн сургуулиас эхэлж, сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд улс орон даяар эрчимтэй өрнөн гудамж талбайг хаах, суулт хийх өргөн хүрээний жагсаал болон даамжирчээ.
Сурагчид багш нарын хомстол болон хичээл таслалт ихэссэн, анги танхимын дүүргэлт хэт өндөр, барилга байгууламж хуучирч муудсан, хичээлийн цаг хэт урт байгаа зэрэг боловсролын системийн доройтсон нөхцөл байдлыг эсэргүүцэн ийнхүү дуу хоолойгоо хүргэж байгаа юм.
Засгийн газрын төлөөлөгчид болон Боловсролын сайд Эдуард Жеффрэй уг жагсаалд хэт зүүний үзэлтнүүд болон мэргэжлийн үймээн дэгдээгчид нэвтэрч, хүчирхийллийг өдөөн турхирч байна хэмээн мэдэгдэв. Парисын Цагдаагийн дарга сурагчдад хандан хаалт саадаа зогсоож, жагсаал цуглааныг тайван замаар үргэлжлүүлэхийг уриалжээ. Үүний зэрэгцээ багш нарын үйлдвэрчний эвлэлүүд сургуулийн төсөв болон нөөцийн хямралыг шийдвэрлэхийг шаардсан сурагчдын тэмцлийг дэмжин ажил хаялт зохион байгуулахыг уриалсан байна.
Боловсролын яамны зүгээс хичээл сургалтын үйл явцыг шат дараатайгаар хэвийн байдалд оруулахыг зорьж байгаа ч хөдөлгөөний зохион байгуулагчид мягмар гаргийн дараагийн томоохон цуглааныг төлөвлөөд байна. Сургуулиудыг урьдчилан хаасан явдал нь болзошгүй мөргөлдөөн, эрсдэлээс сэргийлэх хамгаалалтын арга хэмжээ болж байгаа бөгөөд талуудын хоорондын зөрчил цаашид хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.