"Ногоон нуур" 1008 айлын орон сууцны найман блок барилгыг ТОСК хүлээн авч, ашиглалтыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлжээ
Төрийн орон сууцын корпорац (ТОСК) болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас нийслэл болон орон нутагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
"Солонго" төслийн барилгын ажил 2024 оны 3 дугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1 дүгээр блокийн 27 барилгын ажил 90 орчим хувьтай, "Солонго 1, 2" төслийн нийт гүйцэтгэл 68 хувьтай үргэлжилж байна. Тус төсөл нь 17.9 га газарт хэрэгжих бөгөөд нийт 1.3 сая метр квадрат талбай бүхий 66 блок барилгаас бүрдэнэ. Үүнээс 8 давхар 3, 9 давхар 63 барилга баригдах бөгөөд иргэдэд 41-52 метр квадрат талбайн 6 төрлийн сонголттойгоор хүрнэ.
Морингийн даваанд хэрэгжих "Залуус 1" төслийн хүрээнд 57 га газарт 5616 айлын 94 блок орон сууц барихаар төлөвлөжээ. Тус хороололд 4990 автомашины зогсоол, 2280 хүүхдийн хоёр сургууль, 240 хүүхдийн зургаан цэцэрлэг баригдана. Төслийн эхний ээлжийн 936 айлын барилгын дулаан, цэвэр бохир ус, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцэд салбарын яамнаас 34 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ онд цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхэд 17 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар тооцсон байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2020 оноос эхлүүлсэн "Эко Яармаг" төсөлд нийт 1686 айлын 36 блок барилга, 360 хүүхдийн сургууль, 240 болон 168 хүүхдийн цэцэрлэг баригдана. Одоогоор эхний дөрвөн блокийн барилга угсралтын ажил эхэлж, дөрөвдүгээр давхрын цутгалт хийгдэж байна.
ТОСК-аас орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд орон сууцны төслүүдийг эрчимжүүлж байна. Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд 64 айлын орон сууц барих тендерт "Даймонд констракшн" шалгарч ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон бол Налайх дүүрэгт 64 айлын орон сууцны барилгын ажлыг "Анлимитед асспэйшн" компани гуравдугаар сарын 18-нд эхлүүлжээ. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 34 айлын орон сууцыг "Өсгөх үрж констракшн" барьж байна. Цаашид 2026 он хүртэл Хөвсгөл, Төв аймгийн хэд хэдэн суманд шинээр газар авч, төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан "Ногоон нуур" 1008 айлын орон сууцны 21 давхар 8 блок барилгыг ТОСК хүлээн авч, ашиглалтыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлжээ. Энэхүү орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн иргэдэд олгох бөгөөд төслийг хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн байна. "Ногоон нуур" хотхоныг:
- Түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгохгүй
- Иргэдээс өргөдөл хүлээн авахгүй
- 756 айлын орон сууцыг газар чөлөөлсөн эрх бүхий иргэдэд өмчлүүлнэ
- 256 орон сууцыг түр суурьшуулах зориулалтаар ашиглана
- "Ногоон нуур 1008" орон сууцны хороолол төсөлд зөвхөн газраа байраар сольсон иргэд хамрагдана.
Цаашид ТОСК нь зорилтот бүлэг буюу дундаас доош орлоготой иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл зэрэг 9 бүлэгт чиглэсэн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төслүүдийг түлхүү хэрэгжүүлнэ. Нийслэлийн хэмжээнд 2026-2028 онд төрийн өмчийн 23 мянга орчим орон сууц ашиглалтад орох тооцоо гарчээ. Мөн ТОСК болон НОСК хоорондын чиг үүргийн уялдаа холбоог сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.