СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Энхтүвшин: Монголын анхны явуулын үс засах үйлчилгээг үзүүлж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Энэ дэлхийн хүн бүхэн зөвхөн үсчний өмнө малгайгаа тайлдаг гэх сайхан үг бий. Тэгвэл “Зууны мэдээ” сонины “Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт “Barber truck” явуулын үс засах үйлчилгээ үзүүлдэг М.Энхтүвшинг урьж, ярилцлаа. 

-Явуулын үс засах үйлчилгээ үзүүлэх санаа хэзээ төрсөн бэ. Суурин үйлчилгээнээс давуу тал нь юу вэ?

-Нийгмийн хэрэгцээ шаардлагаа дагаад явуулын үйлчилгээнүүд бий болсоор байна. Тухайлбал, явуулын хоол, хивс цэвэрлэгээ, маникюр, сормуус зэрэг үйлчилгээнүүд сүүлийн үед бий болсон. Тэгвэл үсээ засуулж чаддаггүй хүмүүс манай улсад олон бий. Тодруулбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гэрээсээ гарч үйлчилгээ авах нь хэцүү байдаг. Тиймээс үс засах үйлчилгээг шинэлэг болгох, нөгөө талдаа үйлчилгээ авч чадахгүй байгаа бүлэгт зориулан анх эхэлж байсан. Одоо байнгын үйлчлүүлэгчидтэй болж байна. Ялангуяа, ахмад настан, асрамжийн газрынхан болон албан байгууллагууд ихээр үйлчлүүлж байна.

- Машинаа гоё тохижуулсан байна. Машинд үйлчилгээ явуулах нь түрээс төлөхөөс хямд байж чадаж байна уу?

-Үсчид ихэвчлэн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Байрлал сайтай газрын сарын түрээс 3-5 сая төгрөг байдаг. Шинээр үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс бол 2-3 сар болоод хаалгаа барьдаг. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, хүнээ татсан газрууд л арай гэж оршин тогтнож байна. Надад ч бас өндөр түрээс төлөх нь хүндрэлтэй байсан. Харин одоо автомашинд үйлчилгээ эрхлэх нь түрээс төлөхөөс амар байна. Сар бүр түрээс төлөх өдөр ойртлоо гэж айх айдасгүй амар байна. Машины тохижилтын хувьд найзтайгаа хамт тохижуулсан. Монголын анхны явуулын үсчин учир бүх зүйлийг өөрийн санаагаар монголчилсон. Ойролцоогоор 40 орчим сая төгрөг зарцуулсан. Энэ нь жилийн түрээстэй тэнцэх мөнгө шүү дээ.

-Нэг газар тогтвор суурьшилтай ажиллах нь байнгын үйлчлүүлэгчтэй болгодог байх. Явуулын үсчин ажиллуулахаар байнгын үйлчлүүлэгчид тань хэрхэн хүлээж авч байна?

-Илүү таатай хүлээж авсан. Өмнө нь заавал халдварт луу ирж засуулдаг байсан бол одоо гэрийнхээ гадаа дуудаад л үсээ засуулж байна. Мөн дуудлагаар очиж засахдаа үндсэн үнэ болох 20.000 төгрөгөөр засдаг. Дуудлагын нэмэлт төлбөр авдаггүй.

-Үсчин гэхээр хамгийн түрүүнд сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл мэдрэгддэг. Тэр ханамжийг бий болгох чадвар гэдэг яггүй л байдаг болов уу?

-Тийм шүү. Үс засах урлаг гэдэг тэр чигээрээ сэтгэл ханамж шүү дээ. Хүмүүс үсээ засуулж, гоё янзлуулаад гарна. Таалагдсан мэдрэмж шууд нүүрэнд нь тодордог байх жишээтэй. Үүнээс урам, зориг, эрч хүчийг авдаг. Ажил мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг гэж хэлж болно. Тиймээс хүмүүсийн сэтгэлд хүрсэн  үйлчилгээг цаг ямагт үзүүлэх юмсан гэж маш их хичээдэг.

-Таны мэргэжил үсчин болоход тань нөлөөлсөн байх. Мастер үсчин юм чинь та олон шавьтай юу?

-Би "Идэр" дээд сургуулийг дизайнер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад 2011 оноос өөрийн сонирхлоор үсчин болсон. Өнөөдрийн байдлаар 300 гаруй шавьтай болсон байна. Жил бүр тодорхой хэмжээний шавь бэлтгэдэг. Сурахаар зорьж ирсэн хэн нэгний суурийг сайн тавьж өгөх юмсан гэж боддог. Суурь нь сайн тавигдсан байхад цаашид алзахгүй. Харин ч өөрийгөө хөгжүүлээд явах эрх нээлттэй байдаг. Суурь муу бол хэцүү дээ. Тиймээс анхнаасаа сууриа зөв тавих ёстой. Үсчин гэдэг мэргэжил чинь 10 хувь нь ур чадвар, 90 хувь нь сэтгэл шүү дээ. Би ч энэ зарчмаар явдаг. Сэтгэлээ зориулж байж, тухайн үйлчлүүлэгчид тааламжтай, ханамжтай байна. Хүндээ ч, өөртөө ч гоё мэдрэмж үлдээдэг.

-Хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Таван хүнийг ажлын байраар хангасан. Ингэхдээ суурин буюу Алтай хотхоны салбартаа ажиллуулдаг. Харин явуулын үйлчилгээндээ өөрөө явж байна. Мөн удахгүй явуулын хоёр машин дахиж ашиглалтад оруулахаар бэлдэж байна. Ашиглалтад орвол ажиллах хүмүүс нэмж авна. 

-Хаана ч дуудсан очдог уу. Дуудлагагүй өдрөө юу хийдэг вэ?

-Тийм ээ. Хаана ч дуудсан очдог. Харин дуудлагагүй өдрөө хөл хөдөлгөөн ихтэй газар ирж зогсдог. Өнөөдөр Халдвартын эцсийн автобусны буудал дээр зогсож байна. Энэ хавийн үйлчлүүлэгчид өглөө 09:00 цагаас хойш тасралтгүй үйлчлүүлж байна. Одоо 13:30 цагийн байдлаар долоон хүний үс заслаа. Явуулын үйлчилгээ нь байнгын үсчинг бодвол орлого сайтай. Мөн шинэлэг байдал нь иргэдэд их таалагдаж байна гэж харж байгаа.

-Хөл хөдөлгөөн ихтэй газар зогсохоор цагдаа хөөгөөд байдаг. Энэ тохиолдолд хэрхэн зохицуулж байна. Энэ мэт явуулын үйлчилгээнд тулгамддаг асуудал?

-Явуулын үйлчилгээ эрхэлж буй хүмүүс хаа явсан газраа хөөгдөж явдаг. Тэгвэл үүнийг нийслэлээс зохицуулж өгөх хэрэгтэй. Тухайлбал, олны хөл хөдөлгөөн ихтэй газруудад явуулын үйлчилгээ явуулах цэгүүдийг байгуулж өгвөл бидний ажиллах нөхцөл сайжирна.

-Олон хүнтэй байгууллагад хямдрал үзүүлдэг үү?

-Өчигдөр авто угаалгын газраас дуудлага хүлээн авсан. 12 хүнтэй газар байсан. Тиймээс хямдрал үзүүлж нэг хүний үсийг 15 мянгаар зассан. Мөн асрамжийн болон ахмадын асрамжийн газарт жил бүр очиж сайн дурын ажил явуулдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Баяржавхлан

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 155 (7399)

 
 
Энэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.