Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны дэргэд баруун жигүүрээс гарч ирсэн уурхайчидтай уулзсан юм. Тэдний бүх хувцас, нүүр нүд нь нарийн тоосонд будагдан толгойн хэсэг шалбарч, цус гоожсоныг хараад ямар нэгэн дэлбэрэлтэнд өртөж дээ гэсэн бодол надад төрж байлаа. Тэд ярихдаа бэлтгэл малталтын нэвтрэлтийн ПК-3 кобайн дээр задаргаа хийж байтал комбайны орчим гэнэт тэсэрч, хэсэгхэн хугацаанд ухаан алдаад сэргэсэн гэж байлаа.
Бид хоёр цааш явж Пк-3 комбайны дэргэд очиход тэдний каск, хувийн гэрэл зад үсэрч, бутарсан сэг байв. Энэ комбайн тэсрэлтийн голомтоос 1000-аад метрийн зайтай байсан юм. Дэлбэрэлт болсон уклоны аманд 500-аад уурхайчид цэвэр агаарт сууж байлаа. Яг энэ үед уурхайн диспитчерээс нуралт үүслээ гэсэн дуудлага авлаа гэсээр аврах албаны байлдагчид уклон уруудан гүйлдэн орж байв. Эндээс бид зөвлөлдөн тэсрэлтийн дараах угаарын хий ихэссэн байхыг үгүйсгэх аргагүй гэж үзээд уурхайчидыг цааш оруулахгүй байх үүргийг Дагвабазарт өгөөд өөрөө утсаар холбоо барихаар явав. Би уурхайн удирдлагууд, диспитчер, гэрлийн тасагтай ярьж өглөөний засварын ээлжнээс буугаагүй хүмүүсийг, бүх хэсэг цехийн засварын ээлжийн ажилчдыг нэг бүрчлэн бүртгэх, тэсрэлт үүссэн байж болзошгүй, хэдэн хүн тэсрэлтэнд өртсөнийг мэдэхгүй байгаа тухайгаа мэдээлчихээд ирэхэд уклон дүүрэн уурхайчид хорт хийнд хордон уснаас гаргаж хаясан загас шиг ам нь ангалзан ухаангүй гулдайн хэвтэж тэднийг сэргээх гэж гар амьсгал хийн ноцолдож буй хүмүүс, уйлаан шавааралдан болж эмх замбараагүй байдал үүссэн байв. Аврах албаны дайчид тэсрэлтийн дараахь голомт руу баггүй орсноос угаарийн хийнд хордож амь тэмцэн авраарай гэж орилж байгааг сонссон уурхайчид тэднийг аврах гэж гүйлдэн орсоор... Орсон уурхайчид хордон унаж тэднийг аврах гэж 80-аад хүн хордож зарим нь амь насаа алдаж байв” гэж Налайхын уурхайн удирдлагад ажиллаж байсан Лувсаншаравын Дамдинсүрэн гуай 1990 онд Налайхын уурхайд болсон дэлбэрэлтийн талаар дурсамждаа бичиж үлдээжээ.
Тодруулбал, 1990 оны арванхоёрдугаар сарын өглөөний 9:21 цагт Налайхын уурхайд дэлбэрэлт болж 19 уурхайчин амь насаа алдсан эмгэнэлт осол болсон юм. Энэ нь уурхайн баруун жигүүрийн 541 дүгээр лавны конвейерын шрехт метан хий дэлбэрснээс үүдэлтэй байв.
Тухайн үед Улаанбаатар хотоос ЭМЯ, БХЯ-ны тус бүр хоёр баг, эрчимт эмчилгээ, нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, ОХУ-аас уулын цэрэгжүүлсэн аврах ангийн аврах баг ирж ослын голомтод ажиллаж байжээ. Уурхайчдыг аврахаар ослын голомтод орж ажиллах үеэр тэднээс 44 хүн угаарын хийд хордон гэмтэл авсан байдаг.
Ослыг судлах, шалтгааныг тогтоох мэргэжлийн багийн ажлын явц арав гаруй хоног үргэлжилсний эцэст “Метан хийн дэлбэрэлт нь нүүрсний далд уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас үүдсэн” хэмээн дүгнэжээ. Уг ослоос дөрөв хоногийн дараа Засгийн газар тогтоол гаргаж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр тус бүрт 6000, хордлого, гэмтэлд орсон хүн тус бүрд 2000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх, орон сууцны халаалтын хөлс, нүүрсний үнийн хөнгөлөлт эдлүүлэх, эмчлүүлж байгаа хүмүүсийг амралт, рашаан сувилалд нэг удаа улсын зардлаар амруулах, Налайхын уурхайчдыг алдаршуулсан хүндэтгэлийн гэрэлт хөшөөг 1991 онд багтаан барих зэрэг шийдвэрийг гаргаж байв.
Налайхын уурхай хаагдсан шалтгааны хоёр янзаар тайлбарлах нь бий. Эхэнд дурдсан 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны эмгэнэлт ослоос болсон гэж үздэг. Мөн 1990-ээд оны үед Монгол Улс эдийн засгийн гүн хямралд орсноор Налайхын уурхай ч олборлолтоо явуулах боломжгүйд хүрсэн гэдэг.
Уурхай санхүүгийн хямралд орсноор тухайн үеийн 1700-аад уурхайчны ахуй амьдрал дордож, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа “Уурхай цаашид ажиллах найдваргүй” гэсэн дүгнэлт гарсаар 1995 оны сүүлчээр бүрмөсөн хаасан гэдэг.
Ямартай ч ийм байдлаар өнөөг хүртэл Налайхын уурхай хаагдсаны шалтгаан гэгдэг яригдсаар байгаа 1990 оны арванхоёрдугаар сарын 17-ны ослыг Налайхынхан байтугай Монгол Улс даяараа хараахан мартаагүй л байгаа юм.
Гэтэл өнөөдөр Налайх дүүргийн суурьшлын бүсэд нэр бүхий компаниудын тэсрэх бодисын долоон үйлдвэр, агуулах үйл ажиллагаа явуулж байна. Тэднийг Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэж агуулах боломжгүй, Багахангай дүүрэг рүү шилжүүлэх шаардлагатай” гэж төр үздэг. Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын суурьшлын бүс, дэд бүтэцтэй ойрхон тул ийм өндөр эрсдэлтэй обьектыг байршуулахад иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд хөндөгддөг. Тиймээс, НИТХ-аас “Налайх дүүрэгт тэсрэх бодис үйлдвэрлэх, хадгалах үйл ажиллагаа явуулах нь хууль тогтоомж болон хот төлөвлөлтийн хувьд боломжгүй бөгөөд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлдэг.
Тодруулбал, 2015 онд НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түүгээр, тус дүүргийн тэргүүлэх чиглэлд тээвэр, тэсрэх аюултай бодисын агуулах, бөөний худалдаа, хөнгөн хүнсний үйлдвэр, төмрийн үйлдвэрлэл, жижиг оврын онгоцны агаарын тээвэр, барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, онц байдлын нөөцийн агуулах, хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлсон байдаг.
Гэтэл ийн Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөөр тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, агуулахын үйл ажиллагааг Улаанбаатар хотоос зайдуу, хүн ам цөөн Багахангайд төвлөрүүлэхээр анхнаас нь төлөвлөсөн байтал Налайх дүүрэгт "Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк" ОНӨААТҮГ-ыг байгуулагдах явцад тус бүсэд “Мера” ХХК тэргүүтэй тэсрэх бодисын чиглэлийн дөрвөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа нь хот төлөвлөлтийн болон аюулгүйн бүсийн стандартын хувьд зөрчил үүсгэсэн. Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагууд энэ талаар байнга хөөцөлдөж, энэ оны хоёрдугаар сарын 6-нд л гэхэд АҮЭБЯ-ны дэд сайд Б.Энхтүвшинтэй уулзаж “Тэсрэх бодисын үйлдвэртэй холбоотой аюулгүйн бүсийн асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, шийдвэрлэнэ” гэдэг амлалт аваад салж байв. Хоёрдугаарт, Монгол Улсын Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаар ийм обьектууд нь заавал стандартын дагуу тогтоосон аюулгүйн бүстэй байх ёстой. Мөн аюулгүйн бүс дотор иргэдийн суурьшлын бүс, бусад үйлдвэр үйлчилгээ байрлах нь хуулиар хориглогддог. Хэрэв Налайх шиг хүн ам, барилгажилт нэмэгдэж буй дүүрэгт ийм үйлдвэр байгуулбал гэнэтийн осол, дэлбэрэлт болоход учрах хохирол нь асар өндөр болно. Гуравдугаарт, тэсрэх бодисыг үйлдвэрээс уурхайнууд руу тээвэрлэхэд Налайхын замаар буюу хотын бүсээр дамжин өнгөрөх эрсдэл нэмэгдэнэ. Тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмын дагуу маш нарийн маршрутаар, цагдаагийн зөвшөөрөлтэй тээвэрлэдэг ч хүн ам ихтэй бүсэд эрсдэл үргэлж өндөр байдаг.
2020 онд Бейрутын боомтод болсон дэлбэрэлт нь ойролцоогоор 500-1100 тонн TNT-тэй тэнцэх хүчтэй байсан. Түүнээс болоод хотын талыг сүйтгэж, 200 гаруй хүний аминд хүрч, 300,000 хүнийг орох оронгүй болгож байв. Тэгэхээр 240 тн гэдэг нь үүний бараг тал хувьтай тэнцэх асар их хүч юм байна. Энэ бол мууг ёрлосон хэрэг биш бөгөөд зайлшгүй сэрэмжлэх аюул юм.
Үргэлжлэл бий…
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.