О.Цогтгэрэл: “Өөрчилье, бүтээе” хөдөлгөөн нь орон нутагт тулгамдаж буй асуудлуудад бодит шийдэл боловсруулна
“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ардчилсан намын Дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Дарга О.Цогтгэрэл тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2026.10.04/ Баянхонгор аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Ардчилсан намаас Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон ажиллаж буй 20 сумдын төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга П.Нүрзэд, Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Баянцагаан сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Дашцэвэг, Баянхонгор аймгийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Есөнчулуун нар оролцов.
Энэ үеэр Ардчилсан намын Дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Дарга О.Цогтгэрэл “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь иргэдийн санал, оролцоонд тулгуурлан орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож, бодит шийдэл боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцлов.

Мөн “AN.mn сайтаар дамжуулан иргэдээс санал, санаачилга авах ажил эрчимтэй үргэлжилж байна. Өнөөдөр өглөөхөн 19,370 орчим иргэн саналаа өгсөн байсан бол хэдхэн цагийн дотор энэ тоо 19,469-д хүрч, цаг тутам нэмэгдсээр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, харин иргэд улс орныхоо өнөөгийн нөхцөл байдалд өөрчлөлт хийхийг хүсэж, тэрхүү өөрчлөлтөд өөрсдөө оролцох бодит хүсэл, эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл юм.

Түүнчлэн AN.mn сайтаар ирсэн санал, санаачилга, шийдэл бүрийг нэгтгэн боловсруулж, улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн “10:100” хөтөлбөр болгон гаргана. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн санал бодол цаасан дээр үлдэхгүй, бодлогын түвшинд хүрч, цаашдын үйл ажиллагааны тодорхой зорилт, шийдэл болно.“10:100” хөтөлбөр нь Ардчилсан намын цаашдын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн суурь болохын зэрэгцээ иргэдийн хэрэгцээ, хүсэл, бодит амьдрал дээр тулгамдаж буй асуудалд тулгуурласан бодлогын шинэ чиглэлийг тодорхойлно. Өөрчлөлтийг цөөн хүн шийдэх биш, иргэд өөрсдөө санал болгож, хамтдаа тодорхойлж, хамтдаа бүтээх ёстой” гэв.
Үргэлжлүүлэн Ардчилсан намын ХЭЕГ хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган улс орон даяар хэрэгжиж буй “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний зорилго, хэрэгжилт, орон нутагт зохион байгуулах ажлын талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.