?LIVE: О.Цогтгэрэл: Д.Бат-Эрдэнэ гишүүнийг хэлмэгдүүлж нүүрсний хэрэгт холбож байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх баригчид нүүрсний хулгайн асуудлаа шийдвэрлэж чадаагүйтэй холбон тайлбарлав. Мөн энэ асуудалд бүлгийн бүх гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа гэж мэдээлэв. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн. Мөн Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухайн хуулийн төслүүдэд ажлын хэсэг байгуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 40 гаруй хувьтай байна. Үүний цаана хэчнээн олон ажил эзгүйрч үлдэж байгаа бол энэ асуудалд хариуцлага тооцох зүйл яригдах ёстой.

Дараагийн асуудал нь зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр намын гишүүд байр сууриа нэгтгэлээ. Ардчилсан намаас сонгогдсон Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирсэн байгаа. Бидний зүгээс орон нутгийн Тавантолгой ХК-д жирийн нэг хувьцаа эзэмшдэг хүний нэр яагаад орж ирсэнд гайхаж байна. Бусад нэр нь холбогдсон гишүүд өнгөрсөн хугацаанд ямар бизнес эрхэлсэн бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байгаа хүн. Үүний цаана хэлмэгдүүлэлт, шударга ёс тогтооно гэсэн нэрийн дор сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатай холбож байна уу гэсэн хардлага байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

- Орон нутгийн өмчит Тавантолгой ХК ногдол ашгаа тараадаг, бирж дээр арилжаа амжилттай хийдэг компани. Монгол Улсад нүүрлэсэн энэ ядуурал нь төрийн өмч дээр нүүрлэсэн хулгайгаас үүдэлтэй. ЖДҮ, Хөгжлийн банк, төмөр замын хулгай ,нүүрсний хулгай зэрэг нь ТӨХК-ууд дээр цүнх баригчдаа тавьснаас шалтгаалсан. Тийм ч учраас 40 их наяд төгрөгийн хулгай ярьж гарч ирсэн Засгийн газар энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Нэг нэгэндээ барьцаалагдсан энэ асуудалдаа Ардчилсан намыг хутган оруулж байна. Сөрөг хүчнээ намнана гэдэг нь ардчиллаас ухарч байгаа нэг үйлдэл юм. Цаашдаа бүх асуудалд Ардчилсан нам нэгдмэл нэг байр суурьтай байна гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.