LIVE: Хотоос гарч байгаа иргэн бүрээс шинжилгээний хариу шаардаж, асуумж бөглүүлж байна
Өнөө өглөөнөөс эхлэн орон нутгийн иргэдийг "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор гаргаж эхэлсэн.
Тус шалган нэвтрүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагийн хязгаарлалтгүй үргэлжилнэ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй аймгууд руу зорчих хөдөлгөөн нээлттэй байгаа бөгөөд Архангай, Сэлэнгэ аймгууд руу орох, гарах хөдөлгөөнийг хаасан юм.
Иргэд хувийн тээврийн хэрэгсэл болон нийтийн автобусаар зорчихдоо хувийн аюулгүй байдлаа чанд сахиж, шаардлагатай бичиг баримтаа өөрийн биедээ авч явахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.
Хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдээс эрүүл мэндийн асуумж бөглүүлж байна. Нэг машинд зорчиж байгаа иргэн бүрээс шинжилгээний хариу шаардаж байгаа тул шинжилгээний хариу гараагүй иргэдийг явуулахгүй буцааж байгаа гэнэ.
Завхан, Хөвсгөл аймаг руу явч байгаа иргэдийн хувьд аюулгүй байдлаа хангаж, замдаа идэх хоол хүнсээ авч явж буйгаа дурдсан юм.
ТЦА-ны ОНХ-ны дарга, хошууч Э.Энхболд: Замд гарч байгаа жолооч нарт аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Шинжилгээний хариу гараагүй иргэд зорчих тохиолд гарч байна. Эдгээр иргэдийг буцааж байгаа гэсэн юм.
Эмээлтийн товчоогоор орж ирэхэд нь авсан шинжилгээний хариу гараагүй улмаас машиндаа иргэд хонож байна
Тэгвэл хөдөө орон нутгаас мах оруулж ирсэн тээврийн жолооч орон нутаг руугаа буцаж чадахгүй хоёр хоног машиндаа хонож байгаа гэнэ. Учир нь Эмээлтийн товчоогоор орж ирэх үед түргэвчилсэн тестээр коронавирусийн шинжилгээ авч 6-8 цагийн дараа 119.mn сайтад орно хэмээн мэдээлсэн. Гэвч хоёр хоног хариу гараагүй тул хөдөө орон нутаг руу зорчиж чадахгүй машиндаа хонож, хүлээж буйгаа учирлав. Шинжилгээг ямар газраас, ямар хүн авсан нь мэдэгдэхгүй. Энэ талаарх мэдээллийг яг ямар газар нь мэдэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх байгууллага алга. Үүнд маш их бухимдалтай байна. Төрийн байгууллагын уялдаа холбоо алга хэмээв.
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчихоор 78 мянган иргэн, хөдөө орон нутгаас нийслэл рүү орж ирэхээр нийт 24 мянган иргэн бүртгүүлсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Зургийн тайлбар: Хотоос гарах иргэд түгжирч байна /сонирхогчийн зураг/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.