Т.САЙХАН
Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тэгвэл уг дүгнэлтийг өчигдөр Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Тэд өчигдөр байнгын хорооны гишүүдийн асуултад хариуллаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Нөхөн сонгууль, ээлжит сонгууль хоёр шал өөр. Хэнтийн нөхөн сонгуулийн талаар яагаад Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарчихав, би огт ойлгохгүй. 180 хоног гишүүнгүй бай гэж байгаа юм уу гэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ оны эхээр үргэлжилсэн улс төрийн үйл явцтай холбогдуулан УИХ-ын дарга чөлөөлөгдөж, дараагийн УИХ-ын дарга томилогдсоны дараах нь буюу хоёрдугаар сарын 2-нд баталсан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэдгээ бид хоёр хамгаалсан. Сонгуулийн тухай хуулиа үзэхээр нөхөн сонгуулийн тов, сонгуулийг зарлах асуудлаар хоёр өөр ойлголттой байгаа. Гэхдээ сонгууль явуулах өдрийг Сонгуулийн тухай хуульд жилийн зургадугаар сарын сүүлчийн ням гаригт эсвэл аравдугаар сарын эхний ням гаригт нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж хуульчилсан. Ингээд гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгууль болох хугацааг зарлахгүй бол Сонгуулийн тухай хуультай зөрчилдөнө гэж үзсэн. Мөн сонгуулийн санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана гэдэг. Гэтэл ҮХЦ 148 хоногийн өмнө зарласан байна гэсэн. Хоёрдугаарт, нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэснийг Улсын төсвөөс гаргах ёстой гэж үзсэн гэлээ.
Энэ асуудлаар санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзээд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар болсон байна.
Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.
ҮХЦ-ийн гишүүнд Г.Баясгаланг томилохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжлээ.
Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа юм.
2019.6.6 пүрэв №115 (6082)