🔴Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-15 мянган тонн махны нөөц бүрдүүлэх шаардлагатай

AI хөрвүүлсэн
🔴Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-15 мянган тонн махны нөөц бүрдүүлэх шаардлагатай

Махны нөөц бүрдүүлэлт болон үнийн өсөлтийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва: 

-Өнөөдрийн байдлаар нийт 19 аж ахуйн нэгж мах нөөцлөх чиглэлээр саналаа ирүүлсэн. Үүнээс ойролцоогоор 4000 тонн махны зээл нь баталгаажсан. Мөн өөрсдийн хөрөнгө санхүүгээрээ мах нөөцлөх сонирхлоо илэрхийлсэн хоёр аж ахуйн нэгжийн 1500 орчим тонн мах байгаа. Ингээд нийт 5500 тонн махны нөөцлөлт баталгаажсан байдалтай байна.

Арилжааны банкуудын хувьд барьцаа хөрөнгийг 60 хувиар үнэлээд, тэр үнэлгээнээсээ дахин 60 хувиар нь бодож зээл олгодог тогтолцоотой. Иймээс аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг олгохын тулд бид "Хөрөнгө оруулалт менежментийн компани"-аар дамжуулан бонд гаргаж эхэлсэн. Энэ бонд нь татвар, хүү багатай төдийгүй тухайн аж ахуйн нэгжийн барьцааг илүү өндрөөр үнэлж, зээл олгох боломжтой санхүүгийн шинэ сувгийг үүсгэж байгаа юм.

Өмнөх жилүүдийн судалгааг харвал, манай нийслэл хамгийн дээд талдаа 8000 тонны зорилт тавьж, 6800 орчим тонныг нөөцөлж байсан түүх бий. Харин өнгөрсөн жил 5000 тоннын зорилтоос 4200 тонныг нөөцөлсөн. Бидний тооцоолсноор 10-15 мянган тонн махны нөөц бүрдүүлж чадвал хаврын улирлын махны үнийн өсөлтөд тогтвортой байдлыг үүсгэж чадна гэсэн тооцоо гарсан.

Гэвч махны нийлүүлэлт хомстож, үнэ өсөхөд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, экспортын хувь хэмжээ байна. Өнгөрсөн жил гэхэд 90 орчим мянган тонн мах зөвхөн экспортод гарсан нь дотоодын эрэлт, нийлүүлэлтэд шууд нөлөөлсөн. Хоёрдугаарт, 2023-2024 оны өвөл, хаврын зудны асуудал байна. Монгол Улс 70 сая малтай байсан бол зуднаар хорогдож 56 сая болж буурсан. Үүнээс нөхөн үржихүйн хээлтэгч, хээлтүүлэгч малаа хасахаар нийт махны зах зээлд ердөө 10-15 сая малын эргэлт л орж ирж байгаа юм. Энэ нь өөрөө эрэлт, нийлүүлэлт дээр хомстол үүсгэж, махны үнэ өсөх үндсэн нөхцөл болж байна.

Дараагийн нэг томоохон эрсдэл бол түлш, шатахууны үнийн өсөлт. Тиймээс бид энэ асуудалд маш нарийн тооцоололтой, сайн зохион байгуулалттайгаар ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.