Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт Монголын шигшээ баг хожлоо
Хөлбөмбөгийн 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “I” хэсгийн эхний тоглолт Монгол, Умард Марианы Арлуудын багуудын хооронд боллоо. Марко Ражини дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг энэ тоглолтод 7:0 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожил эхний гурван оноогоо авлаа.
Эхний хагаст Монголын Н.Эрдэнэбаатар, Дантел Даян Хожес нарын гоолуудаар 2:0 харьцаатай тэргүүллээ. Улмаар хоёрдугаар үед Э.Молор хоёр гоол оруулж онцлох тоглолтыг үзүүлсэн бол солилцоогоор орж ирсэн таван тоглогчоос Б.Сүлд-Эрдэнэ, Э.Энэрэл, Жэйсон Ёндонжамц нар тус бүр нэг гоол оруулсан байна.
Япон улсын Нихон их сургуулийн багаас ирж тоглож буй Н.Эрдэнэбаатар, Английн “Дерби Каунти” клубийн Даян нар энэ өдөр бүтэн 90 минут тоглож, хагас хамгаалалтын шугамд онцлох сайн тоглолтуудыг үзүүллээ.
Ингэснээр Монголын баг энэ хэсгийг гурван оноотойгоор тэргүүлж эхэллээ. Манай улсын баг дараагийн тоглолтоор есдүгээр сарын 06-нд Гуамын багтай хийнэ. Харин Умард Марианы Арлуудын баг есдүгээр сарын 03-нд Гуамын багтай хоёр дахь тоглолтоо хийх хуваарьтай байна. Хэсгийн эхний хоёр байрт шалгарсан багууд дараагийн тэмцээний сонгон шалгаруулалтын үндсэн шатанд өрсөлдөх эрхтэй болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.