"Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-д Монголчууд оролцож байна

"Дэлхийн нүүдэлчдийн VI наадам"-д Монголчууд оролцож байна

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 31-нд албан ёсны нээлтийн ёслолоо хийх гэж байна.

Өнөөдөр орой 20:00 цагт болох наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцоно. Энэ удаагийн наадамд дэлхийн 113 орны албан ёсны төлөөлөгчид болон 3,500 төлөөлөгчид оролцон нүүдэлчин угсаатны болон уламжлалт спортын 43 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Монгол Улсаас энэхүү наадамд спортын 27 төрөлд 135 төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд үндэсний спорт, нүүдэлчин соёл, өв уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлан таниулж, спортоор өрсөлдөх юм. 

Энэ удаагийн наадамд анх удаагаа Монголын үндэсний бөхийн барилдааныг албан ёсоор тэмцээний хөтөлбөрт багтааснаараа чухал онцлогтой болж байна. “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам” нь Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хот болон Иссык-Куль нуурын эрэг дэх Чолпон-Ата хотод зохион байгуулагдана. Наадмын нээлтийн ажиллагаа Киргиз Улсад шинээр ашиглалтад орж буй 51 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд оролцогч улс орнуудын үндэсний соёл, уламжлал, өвөрмөц онцлогийг харуулсан ёслолын арга хэмжээ болно.

Монголын баг тамирчид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эр зориг, тэсвэр хатуужил, эв нэгдэл, ухаан билэг шингэсэн нүүдэлчин соёл, үндэсний спортын үнэт өвөө тээн, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөхөөр өрсөлдөх гэж байна

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.