🔴Б.Дашпүрэв: Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь хэвийн ажиллаж эхэлсэн

AI хөрвүүлсэн
🔴Б.Дашпүрэв: Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь хэвийн ажиллаж эхэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабаас шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1750 тонн, орон нутагт 500 тонн АИ-92 автобензинийг түгээгээд байна. Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувь нь хэвийн ажиллаж эхэлсэн. Олон хоногийн турш нөөц багассантай холбоотойгоор урт дараалал үүсэж, иргэд хонон өнжин оочирлох хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн нь үнэн. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох албаныхантай хамтран ажилласны үр дүнд импортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар 48 вагон цистерн буюу 2880 тонн автобензин буулгалтад бэлтгэгдэж байгаа бөгөөд татан авалтын хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Нийслэл хотод олголтыг тасралтгүй 24 цагаар хийсний дараа нөхцөл байдал харьцангуй тогтворжино. Орон нутгийн, ялангуяа аймгийн төвүүд рүү хангалтыг зэрэгцүүлэн хийж байна. Мөн алслагдсан сумд руу түгээлтийг хийж, энэ долоо хоногтоо багтаж бүх түвшинд хэвийн болгохоор ажиллаж байна. 

БНХАУ-аас авахаар тохирсон бүтээгдэхүүнүүд эхнээсээ ачигдаж, 20 вагон цистерн автобензин Эрээн өртөөнд дөхөж байна. Онгоцны түлшний хувьд тохирсон гурван мянган тонны хоёр мянган тонныг нь Улаанбаатар руу татан авч байгаа. Үлдсэн нэг мянган тонныг үргэлжлүүлэн татах ажил хийгдэж байна. 

Дайны нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртөж, дэд бүтэц нь гэмтэж байгаа бөгөөд үүнийг сэргээхэд 2-3 жил шаардлагатай тул Монгол Улс импортын хараат байдлаа бууруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд Казахстан, Беларусь, БНСУ, Япон, Малайз, Сингапур, БНХАУ зэрэг орнуудаас эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлого барьж байна.

Жишээлбэл, ОХУ-аас авч буй К5 ангиллын бүтээгдэхүүн 1000 ам.доллар байхад БНХАУ-аас ирүүлсэн анхны санал 1930 ам.доллар байсныг хэлэлцээрээр 1600 ам.доллар болгон бууруулсан. Мөн Казахстан улсаас шатахуун татах боломжууд нээгдэж байна. Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр энэ онд 150 мянган м³ багтаамжтай савыг ашиглалтад оруулна. Нийт 300 мянган м³ савны төсөл эхэлсэн бөгөөд 2028 он гэхэд Монгол Улс гурван сарын хэрэглээний нөөцөө хадгалах боломжтой болно. Энэ нь үнэ хямд байх үед нөөцөлж, үнийн огцом өсөлт, хомстолыг хохирол багатай даван туулах боломжийг олгоно. 

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийг шийдэж, үйл ажиллагааг нь эрчимжүүлж байгаагаас гадна хайгуулын 16 талбайг олон улсад нээлттэй зарлаж, дотоодын олборлолтыг 1.5 сая тоннд хүргэхээр компаниудад шаардлага тавин ажиллаж байна. Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүнийг зөв хуваарилах нэгдсэн терминал, санхүү, программын иж бүрэн системийг бий болгож байгаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд автобензиний 10 хоногийн, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй байна. Намрын ургац хураалттай холбогдуулан дизель түлшний нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд ихэнх тээврийн хэрэгслийн шатахууны сав хоосорсон байгаа тул оочир дугаар шууд 1-2 цагийн дотор арилах боломжгүй. Гэхдээ ШТС-ууд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа тул энэ долоо хоногтоо багтан нөхцөл байдал бүрэн хэвийн болно гэв. 

Иргэдийн дунд үүссэн оочир дарааллыг бууруулах чиглэлээр АҮЭБ-ийн сайдаас компаниудын удирдлагуудад дараах чиглэлүүдийг өгчээ. Үүнд:

  • ШТС-уудыг 24 цагаар тасралтгүй ажиллуулах
  • Боломжтой бүх хошуугаар шатахуун олгох
  • Иргэдэд хүндрэлгүй үйлчлэхэд холбогдох байгууллагуудын дэмжлэгийг үзүүлэх зэрэг чиг үүргүүд багтсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.