Билл Гейтс БНСУ-ын компаниудтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцов
"ТерраПауэр" (TerraPower) компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Билл Гейтс БНСУ-д хүрэлцэн ирж, хиймэл оюун ухааны дата төв болон хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангах дараагийн үеийн бага оврын модуль цахилгаан станцын (SMR) технологийн түншлэлийг бэхжүүлэх хэлэлцээрүүдийг хийлээ. Тэрээр 2026 оны наймдугаар сарын 13-ны пүрэв гаргийн орой Сөүл хотын Кимпо олон улсын нисэх онгоцны буудалд хувийн хөлгөөрөө газардсан бөгөөд наймдугаар сарын 14-ний баасан гарагт БНСУ-ын төр, засгийн удирдлагууд болон аж үйлдвэрийн томоохон компаниудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна.
Билл Гейтс БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгтэй уулзах үеэрээ тус улсад өрнөж буй хиймэл оюун ухааны шилжилтээс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний асар их хэрэглээг шийдвэрлэхэд бага оврын модуль реакторын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо. Ерөнхий сайд Хан Сон Сүг "ТерраПауэр" компанийн нийлүүлэлтийн сүлжээнд БНСУ-ын аж ахуйн нэгжүүд болон судалгааны хүрээлэнгүүд өргөнөөр оролцож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Билл Гейтс тус улсын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний сайд Ким Жун Квантай уулзаж, дэлхийн хэмжээний цөмийн дэд бүтцийг үйлдвэрлэх, барих чадавхыг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын аж үйлдвэрийн томоохон конгломератууд "ТерраПауэр" компанитай хамтын ажиллагаагаа албан ёсоор өргөжүүллээ. Билл Гейтс "Эс-Кэй" (SK) группийн дарга Чэ Тэ Вонтой уулзаж, "Эс-Кэй Инновэйшн" (SK Innovation) компанитай дэлхийн хамтарсан бизнесийн гэрээний үндсэн нөхцөлийг үзэглэв. Өмнө нь 2022 онд тус компанид 250 сая ам.долларын хөрөнго оруулалт хийж, хоёр дахь том хувьцаа эзэмшигч болсон "Эс-Кэй" групп ийнхүү натрийн хөргүүртэй бага оврын реакторын бизнесийг АНУ болон олон улсын зах зээлд гаргахад илүү идэвхтэй оролцохоор боллоо. Түүнчлэн "Хьюндай Инженеринг энд Констракшн" (HDEC) компани ирээдүйд баригдах найм хүртэлх "Натриум" реакторыг барих ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон байна.
"ТерраПауэр" компанийн гүйцэтгэх захирал Крис Левек болон Билл Гейтс нар "Эйч-Ди Хьюндай" (HD Hyundai) группийн дарга Чон Ги Сон, "Хьюндай Инженеринг энд Констракшн" компанийн гүйцэтгэх захирал Ли Хан Ү нартай уулзаж, барилга угсралтын ажлын хугацаа, үнэ, гүйцэтгэлийн баталгааг тохиролцсон байна. Үүний дагуу "Эйч-Ди Хьюндай" компани жилд хоёроос гурван реакторын даралтат сав нийлүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн "Дүүсан Энербилити" (Doosan Enerbility) компани реакторын хамгаалалтын бүрхүүл, дотоод бүтэц, туслах тулгуур зэрэг хамгийн чухал үндсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх гэрээг албан ёсоор байгуулж, нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэллээ.
"ТерраПауэр" компанийн хөгжүүлж буй "Натриум" (Natrium) реактор нь шингэн натриар хөргөх технологи бүхий 345 мегаваттын хүчин чадалтай бага оврын модуль цахилгаан станц юм. Уг технологи нь өндөр даралттай уснаас илүү бага атмосферийн даралтад ажилладаг тул аюулгүй байдлыг эрс нэмэгдүүлдэг бөгөөд уламжлалт реакторуудтай харьцуулахад өндөр түвшний цацраг идэвхт хог хаягдлыг 40-өөс 90 хувиар бууруулдгаараа давуу талтай. Тус компани АНУ-ын Вайоминг мужийн Кеммерер хотод анхны арилжааны туршилтын байгууламжаа барих зөвшөөрлийг 2026 оны гуравдугаар сард АНУ-ын Цөмийн зохицуулах хорооноос авсан бөгөөд 2031 он гэхэд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зорьж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.