Кэмбрижийн Их сургуулийн профессор асан Жэйсон Ардэй гэрээсээ нас барсан байдалтай олджээ
Кэмбрижийн Их сургуулийн Боловсролын социологийн профессор асан, 41 настай Жэйсон Ардэй (Jason Arday) 2026 оны 8 дугаар сарын 14-ний баасан гаргийн үдээс хойш 15:00 цагийн орчимд Лондон хотын өмнөд хэсэгт орших Баттерси (Battersea) дэх өөрийн гэртээ нас барсан байдалтай олджээ. Шуурхай тусламжийн алба болон цагдаагийн ажилтнууд дуудлагын дагуу очиход тэрбээр ухаангүй байсан бөгөөд хэргийн газарт нас барсан болохыг нь тогтоосон байна. Тэрбээр саяхан эрдмийн бүтээлийн хуулбарлалтын дуулианд холбогдож, албан тушаалаасаа огцроод байсан юм.
Талийгаач Жэйсон Ардэй нь эрдмийн бүтээлдээ бусдын оюуны өмчийг хуулбарласан (plagiarism) гэх хэрэгт буруутгагдаж, улмаар их сургуулийн дотоод шалгалтад ороод байжээ. Үүнээс гадна түүний эрдмийн зэрэг болон зургаан өдрийн дотор 600 миль гүйсэн гэх хувийн амжилтуудтай холбоотой асуудлууд ч эргэлзээ дагуулж эхэлсэн байна. Үүссэн нөхцөл байдлын улмаас тэрбээр 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Кэмбрижийн Их сургуулийн профессорын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорчээ. Энэхүү дуулиан нь анх 2024 онд Кэмбрижийн өөр нэгэн судлаач Натан Кофнас профессор Ардэйг өөрийнх нь бүтээлээс хэд хэдэн удаа хуулбарласан болохыг илчилснээр эхэлсэн түүхтэй.
Профессор Ардэй албан тушаалаасаа огцрохоос өмнө оюуны өмчийн хулгайн буруутгалыг эрс няцааж байсан юм. Гэвч тэрбээр өөрийн аутизмтай холбоотой онцлогоос шалтгаалан эхэн үеийн судалгааны ажлууддаа мэдээллийг харьцуулан ойлгох явцдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байв. Түүнчлэн энэхүү маргаан нь эрдэм шинжилгээний хүрээнээс хальж, түүнд болон түүний гэр бүлийнхэнд олон нийтийн зүгээс ирэх асар их дарамт, байнгын шүүмжлэл нь дааж давшгүй хүнд сорилт болж байгааг илэрхийлж байжээ.
Лондон хотын Метрополитан цагдаагийн газраас (Metropolitan Police) мэдээлснээр, түүний үхлийг одоогоор "гэнэтийн" буюу цаг бусын гэж үзэж байгаа ч хэргийн газарт ямар нэгэн сэжигтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Талийгаачийн ар гэрийнхэн гүн цочролд орсноо хуваалцаад, хүн бүрийн сайн сайхны төлөө үргэлж зүтгэдэг, зөөлөн сэтгэлтэй Жэйсонд худал хуурмаг мэдээллийн дайралт хэтэрхий хүнд туссан хэмээн мэдэгджээ.
Жэйсон Ардэй нь 2023 онд дөнгөж 37 настайдаа Кэмбрижийн Их сургуулийн түүхэн дэх хамгийн залуу хар арьст профессороор томилогдож, боловсрол болон нийгмийн салбарт томоохон дэвшил авчирсан түүхэн амжилтын эзэн болж байв. Түүний гэнэтийн үхэл нь эрдэм шинжилгээний ёс зүйн маргаан, олон нийтийн сэтгэл зүйн дарамт болон хувь хүний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн харамсалтай үйл явдал болон үлдэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.