Жошуа Кушнер, Боб Айгер нар Лос-Анжелес Лейкерс багийг 12.5 тэрбум доллароор худалдан авна
Тэрбумтан венчур хөрөнгө оруулагч Жошуа Кушнер болон "Дисней" компанийн гүйцэтгэх захирал асан Боб Айгер нар Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) "Лос-Анжелес Лейкерс" багийн хяналтын багцыг 12.5 тэрбум ам.доллароор худалдан авах түүхэн тохиролцоонд хүрчээ. 2026 оны наймдугаар сарын 12-ны лхагва гаргийн мэдээгээр зарласан энэхүү хэлцэл нь Хойд Америкийн спорт клубийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээ болж байна. Одоо уг худалдан авалтыг эцэслэн баталгаажуулахад NBA-гийн Удирдах зөвлөлийн албан ёсны зөвшөөрөл үлдээд байгаа юм.
Шинэ эзэмшигчдийн нэг Жошуа Кушнер нь "Thrive Capital" венчур компанийг үүсгэн байгуулагч бөгөөд "Spotify", "Instagram", "OpenAI" зэрэг технологийн томоохон стартапуудыг дэмжиж ирсэн тэрбумтан юм. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнерын дүү бөгөөд үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Трамп уг худалдан авалтад ямар нэгэн оролцоогүй гэдгээ олон нийтэд мэдэгджээ. Харин хамтран худалдан авагч Боб Айгер нь "Уолт Дисней" компанийг олон жил удирдсан туршлагатай бөгөөд спортын "ESPN" сувгийг хариуцаж, NBA-гийн удирдлагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байсан түүхтэй.
Багийн хяналтын багцыг худалдсан тэрбумтан Марк Уолтер нь "Guggenheim Partners" компанийн гүйцэтгэх захирал бөгөөд бейсболын "Лос-Анжелес Доджерс" багийн олонхын хувийг эзэмшдэг. Тэрээр ердөө 10-14 сарын өмнө буюу 2025 оны аравдугаар сард "Лейкерс" багийн хувийг Буссын гэр бүлээс 10 тэрбум ам.долларын үнэлгээгээр худалдан авч байжээ. Ийнхүү нэг жил хүрэхгүй хугацаанд багаа 12.5 тэрбум ам.доллароор худлалдсанаар Марк Уолтер 2.5 тэрбум ам.долларын асар их ашиг олж байна. Энэхүү яаравчилсан борлуулалт нь түүний даатгал болон хөрөнгө оруулалтын компаниудтай холбоотой татварын луйвар, хувийн зээлийн гүйлгээний асуудлаар АНУ-ын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо болон Үнэт цаасны хорооноос шалгаж буй холбооны мөрдөн шалгах ажиллагаатай шууд холбоотой гэж үзэж байгаа юм.
Боб Айгерын мэдээлснээр, тэр болон Кушнер нар анх Сиэтл эсвэл Лас-Вегас хотод NBA-гийн шинэ баг байгуулахаар төлөвлөж байжээ. Тэднийг Лас-Вегасын хувилбарыг судалж байх явцад Марк Уолтер "Лейкерс" баг дахь өөрийн хувийг зарах сонирхолтой байгаа тухай мэдээлэл ирсэн байна. Боломж гарч ирмэгц энэхүү түүхэн хэлцэл маш хурдан буюу ердөө гуравхан хоногийн дотор шийдэгдэж, талууд тохиролцоонд хүрч чаджээ.
Хэдийгээр багийн хяналтын багц шинэ эзэмшигчдэд шилжиж байгаа ч Жинни Бусс ирэх таван жилийн хугацаанд багийн удирдах албан тушаалдаа хэвээр үлдэж, Буссын гэр бүлийн нөлөөллийг хадгалахаар болсон байна. Кушнер болон Айгер нар хамтарсан мэдэгдэлдээ, энэхүү алдартай багийн удирдлагыг гартаа авч байгаадаа гүнээ талархаж буйгаа илэрхийлээд, "Бидний урт хугацааны зорилго бол энэхүү суурин дээр тулгуурлан хамгийн өндөр түвшинд өрсөлдөж, Лос-Анжелес хот, багийн хөгжөөн дэмжигчид болон гайхалтай хамт олонд үнэнчээр зүтгэх явдал юм" хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.