Украины дроны цохилтын улмаас ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд зогсож, шатахууны хомсдол үүсжээ
Украины зэвсэгт хүчний нисгэгчгүй онгоцны дараалсан цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийг онилж, улмаар Оренбург мужийн "Орскнефтеоргсинтез" үйлдвэр бүрэн зогсож, тус улсад шатахууны ноцтой хомсдол үүсээд байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр наймдугаар сарын 14-нд шилжих шөнө тус улсын 18 бүс нутагт Украины 553 гаруй дроныг устгасан гэх боловч эрчим хүчний гол дэд бүтцүүд ноцтой хохирол амссаар байгаа юм. Энэхүү халдлагуудын улмаас Оросын газрын тос боловсруулах хэмжээ өнгөрсөн долдугаар сарын байдлаар 30 гаруй хувиар буурчээ.
Оренбург мужид байрлах, жилд зургаан сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай "Орскнефтеоргсинтез" үйлдвэр наймдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Украины дроны цохилтод өртсөн байна. Халдлагын улмаас тус үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд сэргээн босгох, засварлах ажил хамгийн багадаа зургаан сарын хугацаанд үргэлжлэхээр байгааг мужийн захирагч мэдэгджээ. Олон улсын хориг арга хэмжээ болон импортын тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал нь тус үйлдвэрийг богино хугацаанд засаж ашиглалтад оруулахад гол саад болж байна.
Үүнээс гадна Украины тусгай хүчин болон партизанууд Оросын гүн рүү чиглэсэн довтолгоогоо эрс нэмэгдүүлж, Тюмень мужийн Тобольск дахь "ЗапСибНефтехим" цогцолборт 2,000-2,500 километрийн алслалтаас дроноор цохилт өгсөн байна. Энэ нь зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших хамгийн хол зайд хийсэн халдлагад тооцогдож байгаа юм. Түүнчлэн Ленинград мужийн Усть-Луга эрчим хүчний экспортын боомт болон Башкортостан дахь "Газпром нефтехим Салават" үйлдвэрүүд дараалсан цохилтод өртөж, үйл ажиллагаа нь тасалджээ. Мөн Татарстан дахь "Танеко" үйлдвэрт гарсан халдлагын улмаас 13 хүн амь үрэгдсэн байна.
Дроны тасралтгүй цохилтууд ОХУ-ын дотоодын эдийн засагт шууд нөлөөлж эхэллээ. Оренбург зэрэг зарим мужид шатахууны борлуулалтад хязгаарлалт тогтоож, автомашины улсын дугаараар олгох системд шилжсэн байна. Дотоодын зах зээл дэх шатахууны хомсдолоо нөхөхийн тулд ОХУ түүхэндээ анх удаа Энэтхэг улсаас автобензин импортолж эхэлсэн бөгөөд эхний тээвэрлэлтийг наймдугаар сарын 5-ны өдөр хүлээн авчээ. Үйлдвэрүүдийн хүчин чадал буурснаар дотоодын зах зээлд бензин, дизель түлшний үнэ өсөж, экспортод дахин хориг тавих асуудлыг Кремлийн түвшинд хэлэлцэж эхэлсэн байна.
Украины тал энэхүү ажиллагаагаа Оросын цэргийн хүчийг түлшээр хангах эдийн засгийн чадамжийг сулруулах, улмаар хэлэлцээрийн ширээнд суулгах стратегийн зорилготой хэмээн тайлбарлаж байна. Оросын агаарын тээврийн салбарт ч мөн хүндрэл үүсэж, дроны халдлагын улмаас хэд хэдэн бүс нутгийн нисэх буудлууд түр хаагдаж, нислэгүүд хойшлогдоход хүрчээ. Цаашид ОХУ эрчим хүчний дэд бүтцээ хэрхэн хамгаалах болон дотоодын түлшний хямралыг хэрхэн даван туулах нь олон улсын анхаарлын төвд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.