Италийн Этна галт уул оргилж, Катани хотын нисэх буудлын үйл ажиллагааг зогсоожээ
Италийн Сицили аралд орших Этна галт уул хүчтэй оргилж эхэлсний улмаас тус бүс нутгийн агаарын тээврийн хөдөлгөөн саатаж, Катани хотын олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Наймдугаар сарын эхээр эхэлсэн галт уулын идэвхжил улам ширүүсэж, их хэмжээний үнс нурам, халуун хайлмаг цацаж байгаа тул иргэний хамгаалалтын албанаас аюулын шар түвшнийг зарлаад байна. Галт уулын идэвхжилээс үүдэн гарсан утаа, үнсэн үүл Сицилийн агаарын орон зайг бүрхэж, зуны аялал жуулчлалын оргил үед 700 гаруй нислэгийг цуцлахад хүрчээ.
Этна галт уулын Воражине тогоонд наймдугаар сарын 6-ны өдрийн орон нутгийн цагаар 02:50 цагт хүчтэй дэлбэрэлт болсноор идэвхжлийн шинэ үе шат эхэлсэн байна. Улмаар галт уулын тогооноос оргилсон халуун хайлмаг зэргэлдээх Зүүн хойд тогоо руу урсаж, агаарын тээврийн аюулгүй байдлын кодыг улаан түвшинд хүргэж ахиулжээ. Үүний дараа наймдугаар сарын 7 болон 8-ны өдрүүдэд Леоне болон Бове хөндийн орчимд шинээр халуун хайлмаг урсах сувгууд нээгдэж, уулын бэл рүү шинэ урсгал үүсгэсэн байна. Эдгээр дэлбэрэлтүүд нь сул чулуулаг нурснаас үүдэлтэй бага хэмжээний пирокластик урсгалыг дагуулжээ.
Галт уулын дэлбэрэлтээс цацагдсан асар их хэмжээний үнс нурам Сицилийн агаарын тээвэрт ноцтой саад учруулж байна. Италийн тав дахь том нисэх буудал болох Катани хотын Винченцо Беллини нисэх буудал бүх ирэх болон явах нислэгээ зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Нисэх буудлын оператор САК компаниас нислэг зогсоох шийдвэрийг наймдугаар сарын 14-ний өдрийн орон нутгийн цагаар 02:00 цаг хүртэл сунгасан бөгөөд Рагуза мужийн Комисо нисэх буудал мөн түр хугацаагаар хаагдсан байна. Үүний улмаас зуны амралтаа өнгөрүүлж байсан олон арван мянган жуулчин замдаа саатаад байна.
Хүчтэй салхины улмаас галт уулын үнс, хар элс Этна уулын өмнөд болон зүүн өмнөд бэлд орших хотуудыг бүрхжээ. Катани, Рагальна, Адрано, Пиано Веторе болон Николоси зэрэг суурин газруудад их хэмжээний үнсэн тунадас унасан байна. Катани хотын төв гудамжууд галт уулын хар үнсэнд дарагдсаны улмаас замын хөдөлгөөнд саад учирч, цэвэрлэгээний томоохон ажил эхэлжээ. Италийн Иргэний хамгаалалтын агентлаг галт уулын гэнэтийн дэлбэрэлт, аюулаас сэрэмжлүүлж, шар түвшний бэлэн байдал зарласан хэвээр байна.
Агаарын тээврийн хямралыг үл харгалзан, шөнийн цагаар урсах улаан хайлмагийг үзэх гэсэн жуулчдын урсгал эрс нэмэгдсэн нь аюулгүй байдлын шинэ асуудал үүсгэв. Аялал жуулчлалын операторуудын мэдээлж буйгаар, галт уул руу авирах хүсэлтэй иргэдийн тоо ердийн үеийнхээс гурав дахин өсөж, өдөрт дунджаар 300 орчим хандалт ирж байгаа бөгөөд орой бүр 2000 орчим явган аялагч уул руу өгсөж байна. Гэвч зарим жуулчид зориулалтын бус хөнгөн гуталтай, ямар ч бэлтгэлгүйгээр аюултай бүс рүү нэвтэрч байгааг хөтөч нар анхаарууллаа. Одоогийн дүрмээр аялагчид бие даан 2400 метрийн өндөр хүртэл авирах боломжтой бөгөөд үүнээс дээш галт уулын идэвхтэй бүс рүү зөвхөн зөвшөөрөлтэй мэргэжлийн хөтчийн хамт гарах ёстой.
Этна галт уулын энэ удаагийн хүчтэй оргилт нь байгалийн гайхамшигт үзэгдлийг харах гэсэн аялагчдыг татаж байгаа ч бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцэд томоохон сорилт болж байна. Цаашид галт уулын идэвхжил хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалж агаарын тээврийн хязгаарлалтыг сунгах эсэхийг шийдэх бөгөөд орон нутгийн удирдлагууд жуулчдын аюулгүй байдлыг хангах, хотын дэд бүтцийг хэвийн болгоход гол анхаарлаа хандуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.