Японы Чиба мужид аадар борооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн сураггүй болжээ
Японы зүүн хэсэгт орсон усархаг борооны улмаас Чиба мужид тогтоогоод байсан гамшгийн хамгийн дээд буюу тавдугаар түвшний түгшүүрийг наймдугаар сарын 14-ний баасан гаргийн өглөө бууруулжээ.
Гэсэн хэдий ч орон нутгийн эрх баригчид хөрсний нуралт, үер усны аюул өндөр хэвээр байгааг анхааруулж байна. Японы Цаг уурын агентлаг Чиба мужийн 22 захиргааны нэгжид зарлаад байсан тавдугаар түвшний түгшүүрээс 11-ийнх нь түвшнийг 3-4 дүгээр зэрэглэлд шилжүүлж, үлдсэн 11-ийнхийг цуцалсан байна.
Мөн зургаан хотод мөрдөж байсан хөрсний нуралтын онцгой анхааруулгыг бууруулжээ. Наймдугаар сарын 13-ны пүрэв гаргийн оройноос орсон аадар бороо Чиба хотын Чуо дүүрэгт баасан гаргийн өглөөний 09:40 цаг хүртэл 12 цагийн хугацаанд 367 мм тунадас оржээ.
Харин Кашива, Абико, Сакура зэрэг хотод нэг цагийн хугацаанд 100 мм-ээс давсан бороо орсон байна. Үер, хөрсний нуралтын улмаас Ичикава, Сакура, Ячиё хотод нийт дөрвөн хүн амиа алдаж, дөрвөн хүн хөнгөн гэмтжээ. Мөн нэг хүн сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Гамшгийн үед Чиба болон хөрш Ибараки мужийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Чиба мужийн захирагчийн хүсэлтээр Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчилж, “JR Soga” өртөөнд гацсан 4,000 орчим зорчигчийг түр хоргодох байранд хүргэсэн байна. Мөн Токио чиглэлийн галт тэрэг, автобусны хөдөлгөөн зогссоны улмаас Нарита олон улсын нисэх онгоцны буудалд 7,000 орчим зорчигч хоножээ. Шуурганы үеэр 68 мянга орчим өрх цахилгаангүй болсон бөгөөд баасан гаргийн өглөөний байдлаар 25,270 өрх цахилгаангүй хэвээр байна.
“JR East” компани мөн хэд хэдэн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж, хязгаарлалт хийжээ. Цаг уурын байгууллагаас түгшүүрийн түвшнийг бууруулсан хэдий ч Канто бүс нутаг болон Нагано, Яманаши мужид наймдугаар сарын 15-ны өглөө хүртэл цаг агаар тогтворгүй байхыг анхааруулж байна. Ойрын 24 цагт Кантогийн өмнөд хэсэгт 150 мм, хойд хэсэгт 120 мм, Нагано болон Яманаши мужид 80 мм хүртэл бороо орох төлөвтэй байна. Хөрсний чийгшил өндөр байгаа тул нам дор болон уулархаг бүсийн оршин суугчдыг хөрсний нуралт, гэнэтийн үер, гол мөрний усны түвшин нэмэгдэх аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.