Дахин дугаарлаж, шатахуун авах тохиолдол 30 хувиар багасжээ

Дахин дугаарлаж, шатахуун авах тохиолдол 30 хувиар багасжээ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
 
Ачаалал ихтэй замуудад байрлаж буй ШТС-уудад Тээврийн цагдаагийн албанаас зохицуулалт хийж ажиллах үүргийг өглөө. Тухайлбал ХААИС-ийн баруун талд, уулын зам дагуу байрлах Шунхлай ШТС -д дараалал үүсэх үед тухайн замын зорчих урсгалд томоохон гацаа үүсч байгаа юм. Иймд ТЦА-аас зохицуулалт хийх, шаардлагатай тохиолдолд нөхцөл байдал хэвийн болох хүртэл тухайн ШТС-д цэнэглэлт хийхгүй байх асуудал яригдлаа.
 
Өчигдөр Улаанбаатар хотод ОХУ-аас нийт 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ92 автобензин ирсэн байна. Үүнээс эхний 23 вагоныг өчигдөр буулгаж, Улаанбаатар хотын 75 ШТС-д 756 тонн, орон нутгийн 49 ШТС -д 441 тонныг хүргүүлсэн байна. Мөн өнөөдөр үлдсэн 23 вагоныг буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна. Одоо ОХУ-аас Монгол улс руу нийт 152 вагон АИ92 шатахуун ачигдан ирж байна.
 
Өнөөдөр, маргааш хоёр өдрийн хугацаанд хөдөө орон нутгийн ШТС-уудад түлхүү хуваарилалт хийж, хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Үндсэндээ ням гараг гэхэд бүх ШТС-уудыг цэнэглэж, шатахууны нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэх үүрэг чиглэлүүдийг өнөөдрийн шуурхай штабын хурлаар өглөө.
Татварын байгууллагаас өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд шатахууны худалдан авалтын баримтын тоо 46000 бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс 10000-аар буурсан үзүүлэлт болж байна. Мөн дахин дугаарлаж, шатахуун авах тохиолдол 30 хувиар багасжээ. Одоогийн байдлаар Ховд, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад шатахууны дугаарлалт хамгийн өндөр байна.
 
Өнөөдрийн байдлаар энгийн АИ92 автобензинээс бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ, ханш олон улсын зах зээлийн зарчмаар зохицуулагдаж байна. Харин Евро2 стандартын АИ92 автобензиныг Монгол улс ОХУ-аас тусгай нөхцлөөр хямдралтай үнээр худалдан авдаг, импортын олон суваг байхгүй учир үнийг чөлөөлөх нь Монгол улсын иргэдийн худалдан авах чадварт дарамт учруулах, инфляцийг өдөөх эрсдлүүдийг дагуулах сөрөг талтай. Иймд энгийн АИ92 шатахууны үнэд Засгийн газраас тодорхой хяналт, тохируулга хийгддэг болохыг хурлын төгсгөлд онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.