🔴ГЕГ: Тураах үйлчилгээтэй тарилгыг арилжааны зорилгоор их хэмжээгээр оруулж ирэх зөрчил эрс нэмэгдсэн

AI хөрвүүлсэн
🔴ГЕГ: Тураах үйлчилгээтэй тарилгыг арилжааны зорилгоор их хэмжээгээр оруулж ирэх зөрчил эрс нэмэгдсэн

Гаалийн байгууллагаас цахим үйлчилгээний шинэчлэл, дижитал шилжилт, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт болон албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Гаалийн хяналт, хорио цээрийн газрын дарга Б.Сүхбаатар:

-Сүүлийн үед агаарын хилийн боомтоор зорчиж буй иргэдийн зүгээс гаалийн байгууллага ачаа барааг саатуулан шалгаж, чирэгдэл үүсгэж байна гэх гомдол, мэдээллүүд цөөнгүй ирж байна. Эдгээр гомдлын тодорхой хувь нь үндэслэлтэй боловч хилээр нэвтэрч буй зарим иргэдийн бие болон ачаа тээшинд хийсэн шалгалтаар хүн амын эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй хар тамхи, мансууруулах бодис, эм бэлдмэл, биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хортой аюултай химийн бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан эд зүйлс их хэмжээгээр, олон давтамжтай илэрч байгаатай холбоотой.

Хяналт шалгалтын түвшнийг сулруулахгүйгээр иргэдэд учрах чирэгдлийг бууруулах зорилгоор 2026-2028 онд хэрэгжих олон улсын агаарын тээврийн зорчигчийн хяналтыг иж бүрэн цахимжуулах, хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын технологийг нэвтрүүлэх төслийг эхлүүлсэн. Энэ төсөл 2028 онд хэрэгжиж дууссанаар хууль тогтоомжоо сахиж буй зорчигчид гаалийн хяналт шалгалтыг мэдрэхгүйгээр улсын хилээр нэвтрэх боломж бүрдэнэ.

Засгийн газраас дотоодын түлш, шатахууны хэрэглээг тасалдуулахгүй байх чиглэлээр онцгой анхаарч байгаа бөгөөд гаалийн байгууллага импортын урсгалыг саатуулахгүй байх үүднээс хялбаршуулсан, шуурхай горимоор хяналт бүрдүүлэлтийг хийж байгаа аж. 

Хилээр орж ирж буй шатахуунтай вагон, тээврийн хэрэгслийг гаалийн лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгэлгүйгээр шууд олгож байгаа бөгөөд чанарын хяналтыг аж ахуйн нэгжийн агуулахад буусны дараа бүрдүүлэлтийн дараах шалгалтаар хийж байна. Мөн ААН-үүд хялбаршуулсан мэдүүлгийг шуурхай гаргаж өгснөөр шатахуун юүлэх, шилжүүлэн ачих зөвшөөрлийг гаалийн бүрдүүлэлтийн явцад давхар олгож байна.

Иргэдийн хувийн тээврийн хэрэгслийн үндсэн болон нөөц саванд байгаа шатахуунд гаалийн байгууллагаас ямар нэгэн хориг хязгаарлалт тавихгүй. Гэвч аюулгүй байдлын үүднээс канистр, зориулалтын бус саваар шатахуун тээвэрлэхэд хил залгаа ОХУ болон БНХАУ-ын гаалийн байгууллагаас аюулгүй байдлын онцгой шаардлага тавьдаг болохыг анхаарууллаа. 

ГЕГ-ийн олон нийттэй харилцах төвийн дарга Б. Мөнх-Амар

-Энэ оны эхний долоон сарын байдлаар гаалийн хилээр нэвтрүүлэх журмын эсрэг 2,314 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 53 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Нийт зөрчлийн 47 хувийг гаалийн болон бусад татвараас зайлсхийх, барааг худал, дутуу мэдүүлэх зөрчил эзэлж байна. Иймд гаалийн байгууллагаас барааг нягтлан шалгах үйл ажиллагааг зайлшгүй явуулж байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд зөвөөр ойлгохыг хүсье. 

Нийт зөрчлийн 22-23 хувийг хориглосон болон хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл эзэлж байна. Тухайлбал, 2026 оны эхний долоон сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн үйлдлийг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Мөн сүүлийн үед чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг, тураах үйлчилгээтэй тарилгыг арилжааны зорилгоор их хэмжээгээр оруулж ирэх зөрчил эрс нэмэгдсэн. "Чингис хаан" олон улсын нисэх буудалд эхний долоон сарын байдлаар энэ төрлийн 40 удаагийн зөрчлөөр 1,300 орчим тарилгыг хураан авч, саатуулсан байна. Эмчийн зааваргүйгээр цахим орчноос ийм төрлийн эм бэлдмэлийг гар дээрээс худалдан авч эрүүл мэндээ хохироохгүй байхыг иргэдэд анхааруулж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.