🔴Б.Дашпүрэв: Ирэх даваа гарагаас шатахууны хангамж хэвийн горимд шилжинэ

AI хөрвүүлсэн
🔴Б.Дашпүрэв: Ирэх даваа гарагаас шатахууны хангамж хэвийн горимд шилжинэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нөөцийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:

-Улаанбаатар хотын 104-144 ШТС руу 1200 тонн, орон нутгийн 82 ШТС-д 900 тонн бүтээгдэхүүний түгээлт хийгдсэн. Ердийн хэрэглээний үед гаргадаг нөөцийг түгээлтэд гаргасан ч үндсэн бүтээгдэхүүний нөөцөд тодорхой хэмжээний доголдол үүссэнтэй холбоотой зарим ШТС-уудад очир дугаар ихтэй, зарим газарт шатахуун олгохгүй нөхцөл байдал үүсээд байна.

Шатахууны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд зөвхөн ОХУ гэлтгүй бусад эх үүсвэрүүд дээр холбогдох яам, байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Тээвэрлэлтийн хувьд ОХУ-аас нааш гарсан 180 вагон цистерн буюу 11 мянган тонн орчим автобензин замд явж байна. Эдгээр вагон цистернүүдийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буулгаж, ирэх даваа гарагт дүгнэлт гарна. 

Мөн Эрээнцав боомтоор 13 вагон цистерн орж ирсэн нь зүүн бүсийн аймгуудад үүсээд байсан доголдлыг зөөлрүүлэх ач холбогдолтой. Өнөөдрийн хувьд 20 вагон цистерн буюу 1200 тонн бүтээгдэхүүнийг үдээс хойш боомтуудад буулгаж, түгээлтийг үргэлжлүүлэн хийхээр холбогдох аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

Иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй тэгш, сондгой дугаараар болон 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар бензин олгож байгаа зохицуулалт энэ сарын 15-наас эхлэн хэвийн болно.

Бид зөвхөн өнөөдөр үүссэн нөхцөл байдал дээр ажиллаагүй. Гуравдугаар сараас хойш нөөцийг нэмэгдүүлэх, бүх агуулах савыг дүүргэх бодлогын ажлуудыг хийж ирсэн. Ойрх Дорнод болон ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бусад эх үүсвэрээс бүтээгдэхүүн татан авах, аль болох хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах яриа хэлэлцээрийг тасралтгүй хийсээр ирсэн. БНХАУ-ын хувьд экспортын хоригтой, бүтэн жилээр төлөвлөлтөө хийдэг тул гэнэт бүтээгдэхүүн татан авах нь амаргүй байдаг. Олон улсын хэмжээнд ч Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгцээгээ хангаж чадахгүй хүндрэлүүд байгаа. 

Мөн салбарын сайдын ОХУ дахь гэрээ, хэлэлцээрийн хүрээнд наймдугаар сард авах бүтээгдэхүүний хэмжээн дээр нэмж 25 мянган тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн авахаар тохиролцсон байна.

Түүнчлэн онгоцны түлшийг сар бүр тогтмол таван мянган тонныг авахаар хэлэлцээр хийжээ. Ингэснээр наймдугаар сарын хувьд автобензин цаашид доголдохгүй байх нөхцөл бүрдэж, онгоцны болон дизель түлшний хангамж нэмэгдэж байна.

БНХАУ-аас гурван мянган тонн онгоцны түлш татан авах хэлэлцээр хийгдсэнээс нэг мянган тонн нь Улаанбаатар хотод орж ирсэн. БНСУ-аас Евро-5 ангиллын бүтээгдэхүүн авахаар гэрээ хэлцэл хийгджээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.