🔴БНХАУ-ын "Петрочайна", "Синопек" болон бусад компаниудаас тогтвортой нөхцөлөөр агаарын түлш худалдан авна

AI хөрвүүлсэн
🔴БНХАУ-ын "Петрочайна", "Синопек" болон бусад компаниудаас тогтвортой нөхцөлөөр агаарын түлш худалдан авна

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас шатахууны хангамж, импорт, гаалийн бүрдүүлэлт болон гадаад хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ. 

Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудад (ШТС) түгээлтийг тасралтгүй хийж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 165 ШТС, орон нутагт 49 ШТС-д түгээлтийг шуурхай хийж гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар үүсээд буй доголдолтой нөхцөл байдлыг шийдвэрлэх, наймдугаар сарын татан авалтыг нэмэгдүүлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чиглэлээр ОХУ-д хийсэн хэлэлцээрүүд амжилттай болсныг энэ үеэр дурдлаа. 

ОХУ-аас татан авах шатахууны хэлэлцээрийн хүрээнд:

  • Наймдугаар сард 50 мянган тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүнийг "Роснефть" компаниас авахаар гэрээ хэлцэл баталгаажсан.
  • Евро-5 ангиллын бүтээгдэхүүн дээр 15 мянган тонн бүтээгдэхүүн авахаар баталгаажуулж, эхнээсээ ачилт хийгдээд явж байна.
  • Нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн авахаар хэлцэл хийсэн байна. 
  • Мөн таван мянган тонн онгоцны түлш (ТС-1) авахаар тохиролцсон байна.

Өмнө нь мэдээлж байсны дагуу БНСУ-аас 5-6 мянган тонн АИ-92 болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүн авахаар хэлэлцээ хийж, эхний ачилт хийгдсэн байна. Онгоцны түлшний хувьд гурван мянган тонн авахаар гэрээ хэлцэл хийснээс эхний 1000 тонныг ачсан бөгөөд үлдэгдэл хоёр мянган тонн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрээс нь ачих ажил хийгдэж байгаа гэв.

Мөн наймдугаар сарын 1-нээс хойших хугацаанд өдөрт тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдөр буюу наймдугаар сарын 10-ны байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ. Гаалийн төв лаборатори болон холбогдох лабораториуд нефтийн бүтээгдэхүүн буусан цаг тухай бүрд нь хүлээн авч, шинжилгээг шуурхай гүйцэтгэж байна. Эрсдэлд суурилсан тогтолцооны хүрээнд бараа, тээврийн хэрэгслийн биет шалгалтын хувийг таван хувь хүртэл бууруулжээ. Ингэснээр нийт импортын 95 хувьд нь бодит шалгалт хийхгүйгээр эрсдэлийг тооцож, шуурхай нэвтрүүлж байна.

Үүний үр дүнд гаалийн бүрдүүлэлтийн хугацаа өмнө нь хамгийн дээд тал нь нэг цаг зарцуулдаг байсан бол одоо 30-45 минутын хооронд эцсийн бүрдүүлэлт хийгдэж, хугацаа буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Дэлхийн зарим бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, түүнд газрын тос экспортлогч зарим улс орнууд татагдан орсон нөхцөл байдал, олон улсын зорчигч болон ачаа тээврийн хөдөлгөөнд үүссэн доголдол зэрэг нь Монгол Улсаас үл хамаарах гадаад хүчин зүйл болж байгааг гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Оны эхний хагаст Ормузын хоолойн нөхцөл байдал болон зарим бүс нутгийн хямралаас үүдэн дэлхийн хэмжээнд өдөрт боловсруулах газрын тосны хэмжээ 7.5 сая баррелиар буюу 17 орчим хувиар буурсан статистик байна. Дэлхийн зарим улсад түлш, шатахууны үнэ оны эхэнтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Энэ нөхцөл байдалд газрын тос экспортлогч орнууд экспортын урсгалаа хязгаарлаж, өөрсдийн урт хугацааны нөөцийг хангахад онцгой анхаарч байгаа нь импортлогч орнуудад сорилт үүсгэж байна.

Монгол Улсын хувьд түлш, шатахууны зах зээл хоёр хөрш, тэр дундаа ОХУ-аас шууд хамааралтай. БНХАУ дотоодын зохицуулалтын хүрээнд бүх төрлийн түлш, шатахууны экспортоо хязгаарлаад байгаа хэдий ч Монгол Улсад тусгай нөхцөлөөр агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажил хэвийн үргэлжилж байна.

ГХЯ-ны зүгээс БНХАУ-ын "Петрочайна", "Синопек" болон бусад компаниудаас тогтвортой нөхцөлөөр агаарын түлш худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй хийж байгаа бөгөөд нааштай эерэг үр дүнгүүд гарч байгааг мэдээллэв. Түүнчлэн агаарын түлшний импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр БНСУ, Казахстан, Беларусь зэрэг улстай албаны түвшинд яриа хэлэлцээ үргэлжилж байгааг дурдлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.