“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын хурдан морины уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад цом, гэрэгэ гардууллаа.

Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, Алтан гэрэгэ гардууллаа.

Мөн уясан хүлэг нь айрагдсан:

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж,
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт Мөнгөн гэрэгэ гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цом, гэрэгэ хүртсэн уяачид, тэдний гэр бүл, хамт олонд болон уралдаанч хүүхдүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

a33f1e8074a94fb5b1eafc53b21d787f

Ерөнхийлөгч адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Энэ дагуу манай улс долоодугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ.

Энэ өдөр 15 мянган морьтон жагсаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, адуу уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зэргийг зохиосон юм.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцсон.

Энэ жил мөн дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэсэн байна.

Дэлхийн 60 сая гаруй адууны таван сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

7bd93453a45d480e8eecb4d7eeddb0ba

9e45f99149cf443ea54db8134f999f1f

38fd60673d134657a440adddabd32fe3

a7469666ab4a4bfc8fc1b04c4a4ce922

b119b99bea684a52b23a633345aca433

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.